Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассад Ираны Засгийн газрын төлөөлөгч Саид Жалилитай уулзсан байна. Ерөнхийлөгч Ассад Ираны Засгийн газрын төлөөлөгч Жалилитай уулзаж хоёр улсын харилцаа болон бүс нутгийн нөхцөл байдлын талаар санал солилцсон гэж Сирийн үндэсний телевиз мэдээлжээ. Сайд Жалили Сири улс бол бүс нутаг дахь Ираны гол холбоотон учраас Сири улс задрахыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ. Сирийн Ерөнхий сайд Риад Хижаб сөрөг хүчний босогчидтой нэгдсэнээс хойш нэг хоногийн дараа Сири, Ираны засгийн газар үнэнч холбоотон гэдгээ нотлон харуулсан нь энэ байлаа. Уулзалтын үеэр Башар аль-Ассад улс орондоо нүүрлэсэн террористуудыг устгаж ард түмнээ аварна гэж амлажээ. Саид Жалили ч гэсэн эсэргүүцлийн тэнхлэг хэзээ ч харийн эзлэн түрэмгийлэгчдийн өмнө сөхрөхгүй гэж хэлжээ.
Эсэргүүцлийн тэнхлэг гэдэг нь Ойрхи Дорнодын бүс нутаг дахь АНУ болон Барууны улс орнуудын нөлөөг эсэргүүцдэг Иран, Сири, Ливаны Хезболла, Палестины Хамас бүлэглэлийг нэрлэдэг юм. Ираны эрх баригчид саяхан Турк болон Булангийн улс орнуудыг Сирийн босогчдыг зэвсэглэсэн гэж буруутгаж байсан. 17 сарын турш үргэлжилж буй хямралын улмаас одоогийн байдлаар 20,000 гаруй хүн амь эрсдээд байна.





















































