Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-д хийх байсан албан ёсны айлчлалаа хойшлууллаа хэмээн ТАСС агентлаг мэдээллээ.
“Монголын Засгийн газрын тэргүүн энэ сарын 23-26-ны өдрүүдэд болох Петербургийн олон улсын эдийн засгийн форумд оролцоод энэ үеэрээ ОХУ-д айлчлах байсан юм. Харин Ухнаагийн Хүрэлсүх өөрийн айлчлалаа хойшлууллаа” гэж тус агентлаг МОНЦАМЭ-гийн мэдээнээс иш татжээ.
Ерөнхий сайдын ОХУ-д хийх айлчлалын хугацаа товыг талууд хамтран ярилцаж тогтоох юм байна.
Үүний өмнө Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзсаныхаа дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Ухнаагийн Хүрэлсүхийн ОХУ-д хийх айлчлал нь хоёр орны харилцаанд энэ оны гол үйл явдал болно гэж мэдэгдэж байсан юм.
РИА Новости агентлаг энэ талаар “Айлчлалын бэлтгэлийг бүрэн хангаагүй учраас хойшлуулсан” гэж мэдээлсэн байна.