МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүхээс ял сонссоныг эсэргүүцэж, оюутан залуучууд хамтран “Ард түмний Ерөнхийлөгчөө аваръя” ТББ байгуулан үйл ажиллагаагаа явуулж байгаа. Мөн тэдэнтэй санаа нэгдэн “Хилс хэрэгт мөрдүүлэгчдийн эсрэг” хэмээх хөдөлгөөн бас байгуулагджээ. Одоогоор тус хөдөлгөөнүүдэд 10000 гаруй оюутан залуус элсэн, Дархан, Эрдэнэт, Говьсүмбэрээр явж, 1200 гаруй хүний гарын үсэг цуглуулсан байна. Цаашид энэ тоо улам нэмэгдэх хандлагатай байгаа аж. Өдөрт дунджаар 1-2 ТББ нэгдэж байгааг "Шударга ёсны хувьсгалт үндэсний нэгдсэн оюутны холбоо"-ны ерөнхийлөгч Д.Мөнхтөр мэдэгджээ. Мөн тэрээр "Монгол хүний аюулгүй байдал, эрүүл мэнд гэхэд асуудалд орчихсон байна. Хоёр жилийн өмнө оюутнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулахад гуравны нэг нь ямар нэгэн өвчтэй гэж гарсан. Энэ нь оюутнууд хямдхан хоол идэж, хямдхан байранд амьдарч, хямдхан хувцас өмсдөгтэй шууд холбоотой. Үүнийг оюутны байгууллагын даргын хувьд онцолж хэлмээр байна. Энэ бүхний эсрэг, иргэнийхээ төлөө зоригтой дуугарч чадах хүн байхгүй. Ганц дуугарч байгаа хүн нь Н.Энхбаяр. Түүнийг яагаад онцлов гэхээр Ерөнхийлөгч байсан хүнийг ингэж доромжилж байгаа юм чинь жирийн ард түмэн биднийг төр, засаг, олигархиуд зажлахгүй залгих юм байна гэж ойлгож байна. Тиймээс нэг хүн гэлтгүй аврах ёстой. Тэр иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж чадах нөмөртэй, туршлагатай улс төрийн лидерээ аварч байж, мянга мянган хилс хэрэгт гүтгүүлэгчдийг аварна." гэв.
Тэд 300 мянга орчим хүний гарын үсэг цуглуулж, Сүхбаатар дүүргийн шүүгч болон прокуроруудад шударга байхыг уриална. Мөн "Шударга байцгаая" гэж уриалж байсан бүх хүмүүст хандахаа илэрхийлсэн байна. Түүнчлэн Төрийн ордны хоёр талд тайван зогсолт хийхээр болжээ. Энэ тухайгаа зохих газар нь албан бичгээр хүргүүлсэн. Хариу ирэхээр албан ёсоор тайван зогсолт хийнэ гэлээ.
Б.Чимэг





















































