Шинэ Засгийн газрын хуралдаан болсон өнгөрсөн бямба гарагийн орой ийм нэгэн шийдвэр гарчээ. Н.Алтанхуяг болон зарим сайд нар Засгийн газрын хуралдааны дараа ахин цуглаж улс төрийн ноцтой шийдвэр гаргажээ. Тэд С.Батболдын Засгийн газарт ажиллаж байсан яамдын бүх төрийн нарийн бичгийн дарга нарыг ажлаас нь халахаар шийдсэн байна. Энэ мэдээлэл тэр оройдоо задраагүй ч даваа гарагаас эхлэн төрийн нарийн бичгийн дарга нар сандралдаж эхэлжээ. Зарим нь ийм зүйл болно гэдгийг урьдаас мэдэж байсан тул гадагш явах замаа ч хайж эхэлсэн байх юм. Харин цөөн хэдэн төрийн нарийн бичиг л “яадаг бол” хэмээн харзнаж байгаа аж. Үүнийг нотолж Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Манайд одоогоор шинэ хүн томилоогүй байгаа. Томилохоор бол Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтаар биш, Засгийн газар шууд томилно” гэжээ. Энэ яам хоёр хуваагдаж, хоёр ч төрийн нарийн хэрэгтэй болсон. Гэсэн ч С.Батболдын үед Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажиллаж байсан төрийн нарийн бичгийн дарга энд ажиллахгүй. Түүний оронд хүн томиллоо ч шинэ Засгийн газар буюу сайд нарын үзэмжээр томилох болжээ. Өмнө нь Төрийн албаны зөвлөлийн шалгалт, шүүлэг гэдэг нэг цензур байдаг байсан бол удахгүй сайдтан нарын үзэмжээр төрийн нарийн бичгийн дарга нарыг томилохоор болж байна. Өмнө төрийн нарийн бичгийн дарга нарыг цомхотгоё гэсэн яриа мэр сэр гардаг л байсан. Гэхдээ энэ мэт олноор нь ажлаас нь чөлөөлөхөөр шийдэж байсангүй. Засаг солигдох бүрт яамдын ажилчид өөрчлөгддөг ч ингэж хоморголон халахаар шийдэж байсан түүх үгүй юм. “Гадна төрх нь өөр ч мөн чанар нь адилхан гэдэг шиг төрийн албан тушаалтнуудыг намын үзэмжээр халдаг байдал өнөөдөр тасарсангүй. Харин ч улам “геноцид” шинжтэй болж байх шиг” гэж нэгэн ажиглагч дүгнэсэн байх юм.
Энэ бол цомхотгол биш, харин халаа, солио. Мэдээж үүний цаана С.Батболдын засгийн газрын үед ажиллаж байсан хүмүүсийн оронд өөрсдийнхөө хүнийг шургуулах. АН, ИЗНН, “Шударга ёс” эвслийн “бялуу хуваалт” үргэлжилж байгаа хэрэг. Сайд болж чадаагүй нь дэд сайд, дэд сайд болж чадаагүй нь төрийн нарийн бичгийн дарга гэх мэтээр албан тушаалын хуваарилалт энд явагдаж байна. Өмнө нь хэлсэнчилэн Төрийн албаны зөвлөл биш Засгийн газар нь төрийн нарийн бичгийн дарга нарыг томилох болсон тул хэн Н.Алтанхуягтай ойр байна тэр том алба авч байна.
Ямартаа ч Засгийн газрын анхны хуралдааны дараа ийм шийдвэр гарчээ. Тиймээс С.Батболдын Засгийн газрын үед ажиллаж байсан дараах төрийн нарийн бичгийн дарга нар ажилгүй болж байна.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам- У.Бямбасүрэн,
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Т.Гантулга
БОАЖЯ-ны Н.Батсуурь
Сангийн яам- Д.Баттөр
Гадаад харилцааны яам- Б.Батхишиг
Хууль зүй, дотоод хэргийн яам- Г.Баясгалан
Боловсрол, шинжлэх ухааны яам- Д.Далайжажргал
Эрүүл мэндийн яам- Н.Түмэндэмбэрэл
Батлан хамгаалах яам- Ц.Тогоо
ЗТБХБЯ- Ж.Бат-Эрдэнэ
Эрдэс баялаг, эрчим хүчний яам-Д.Хүрэлбаатар
Т.Гэрэл





















































