Оросын Казан хотод 76, 38 настай хоёр эмэгтэйн амийг гэрт нь хөнөөсөн байжээ. Цагдаагийн ажилтнуудыг очиход ханан дээр нь цусаар "Пусси Риотыг сулла!" гэж бичсэн байсан тухай албаны хүмүүс мэдээллээ. Одоогоор хэрэгтнийг олоогүй байгаа ч хэргийн нотлох баримтуудаар хөөж алуурчныг заавал олно гэдгээ тэд хэлсэн байна. "Пусси Риот" хамтлагийн шоронд хоригдож байгаа гишүүдийн өмгөөлөгч Никлай Полозов "Энэ бол бохир өдөөн турхиралт. Алуурчин заавал олдоно гэдэгт итгэж байна" хэмээн ярьжээ.
Энэ охидын хамтлаг ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө В.Путин руу давшилсан утгатай дуу олон нийтийн газар дуулсан гэж танхайн хэргээр хоригдоод таван сар гаруй болж байгаа юм.
Б.Баяр





















































