
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын Москва хотын Улаан талбайд 2026 оны Ялалтын баярын цэргийн парадыг зохион байгуулахыг “зөвшөөрсөн” тухай ер бусын агуулгатай зарлиг гаргасан нь олон улсын анхаарлыг татаж байна. Энэ тухай Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудсанд нийтлэгдсэн баримтад дурджээ.
Зарлигт “Америкийн талтай 2026 оны тавдугаар сарын 8-нд хийсэн хэлэлцээ болон хүмүүнлэгийн зорилгыг харгалзан үзэж, Москва хотод тавдугаар сарын 9-нд парад зохион байгуулахыг зөвшөөрсүгэй” хэмээн бичсэн байна.
Барууны хэвлэлүүдийн мэдээлснээр, энэ алхам нь ёжлолын өнгө аястай улс төрийн дохио байсан байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. Учир нь сүүлийн өдрүүдэд ОХУ Москва хотын аюулгүй байдалд онцгой анхаарч, Украины дроны халдлагаас болгоомжилж байгаагаа удаа дараа илэрхийлсэн юм.
Мөн энэ үеэр АНУ-ын зуучлалаар Орос, Украины хооронд гурав хоногийн гал зогсоох тохиролцоо яригдсан талаар мэдээлэгдсэн бөгөөд Киевийн зүгээс олзны цэргүүдийг суллуулах асуудлыг эн тэргүүнд тавьж буйгаа мэдэгдсэн байна. Зеленский “Улаан талбай бидэнд чухал биш, харин эх орондоо эргэн ирэх Украины олзлогдсон цэргүүдийн амь нас чухал” хэмээн онцолсныг хэвлэлүүд эш татжээ.
Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков уг зарлигийг “тэнэг хошигнол” хэмээн нэрлэж, “Орос улс Ялалтын баяраараа бахархахын тулд хэн нэгнээс зөвшөөрөл авах шаардлагагүй” гэж мэдэгдсэн байна. Энэ жилийн Москвагийн Ялалтын баярын парад аюулгүй байдлын шалтгаанаар өмнөх жилүүдээс хавьгүй даруухан болж, хүнд техник хэрэгслийн үзүүлбэр бараг оролцоогүй талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Л.Баяр




















































