
Төв сайхан нутгаас төрөн гарсан спортын алдартнуудын залгамж халаа болон бэлтгэгдэж байгаа аймгийн Биеийн тамир, спортын газрын дэргэдэх “Төв-Арж” багийн бүрэлдэхүүнийг аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, СТСХ-ийн дарга Ю.Бямбацогт, БТСГ-ын дарга Д.Алтанхуяг нар хүлээн авч уулзаж, санал бодлыг нь сонслоо.

“Төв-Арж” багийн тамирчдын хувьд улс, олон улс, тив, дэлхийн тавцанд гаргасан хөлс хүч, үзүүлсэн амжилтаараа шагшигдаж буй. Хамгийн сүүлд л гэхэд Монголын Үндэсний Олимпын Хорооны 70 жилийн ойг тохиолдуулан Төв нутгаас төрөн гарсан олимпын медальтнуудын нэрэмжит чөлөөт бөхийн U15, U20 насны ангиллын Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртсэн амжилт гарган U15 насны ангиллын эрэгтэй баг багийн дүнгээрээ илт давуу тэргүүлж, чөлөөт бөхийн хөгжлийн түүхэнд шинэ амжилтыг тогтоогоод байгаа билээ.
Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрийн зүгээс удахгүй болох U23, U20, U17, U15 ангилалын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход нь дэмжлэг үзүүлж 50 сая төгрөг, чөлөөт бөхийн дэвжээг тус тус шийдвэрлэлээ.

Түүнчлэн ирэх жилээс урлаг, спортын уралдаан тэмцээнд аймгаа төлөөлөн оролцож байгаа тамирчид, дасгалжуулагч багш нарт зориулж хоёр ширхэг дунд оврын автобус авч өгөхөө илэрхийлсэн юм.



























































