
АНУ-ын Колорадо муж дахь Денвер олон улсын нисэх буудалд “Фронтиер Эйрлайнс” компанийн зорчигч тээврийн онгоц хөөрөх үеэрээ зурвас дээр явж байсан хүнийг мөргөж, тухайн хүн газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Албаныхны мэдээлснээр, “Фронтиер Эйрлайнс”-ийн 4345 дугаартай нислэг тавдугаар сарын 8-ны орой Денверээс Лос-Анжелес хот руу нисэхээр хөөрч байх үед осол болсон байна. “Эйрбас Эй-321” загварын онгоц хөөрөлтийн хурд авч байхдаа хамгаалалтын бүсийг даван зурвас руу орж ирсэн хүнийг мөргөсөн аж.
Ослын дараа онгоцны нэг хөдөлгүүрт богино хэмжээний гал гарч, бүхээг утаагаар дүүрсэн тул нисгэгчид хөөрөлтийг яаралтай зогсоожээ. Улмаар онгоцонд байсан 224 зорчигч, долоон багийн гишүүнийг аврах гулсуураар буулгасан байна.
Денверийн нисэх буудлын мэдээлснээр, нийт 12 хүн хөнгөн гэмтэж, тэдний тавыг эмнэлэгт хүргэжээ. Зарим зорчигч “дэлбэрэлт шиг хүчтэй чимээ гарч, удалгүй бүхээг утаагаар дүүрсэн” хэмээн ярьсан байна.
АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөл, Холбооны нисэхийн захиргаа болон орон нутгийн цагдаа нар хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлжээ. Урьдчилсан байдлаар амиа алдсан хүн нисэх буудлын ажилтан биш бөгөөд хамгаалалтын бүсийг санаатайгаар давсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж. “Фронтиер Эйрлайнс” компани мэдэгдэл хийхдээ “Энэ эмгэнэлт явдалд гүн эмгэнэл илэрхийлж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд бүрэн хамтран ажиллаж байна” гэжээ.
Л.Баяр



















































