
2010 оны аравдугаар сарын 13. Чилийн Атакамагийн цөлд дэлхийн сая сая хүн нэгэн үйл явдлыг амьсгаа даран ажиглаж байв. Газар дор 700 орчим метрийн гүнд 69 хоног хоригдсон 33 уурхчныг нэг нэгээр нь дээш гаргаж авах ажиллагаа эхэлсэн нь орчин үеийн түүхэн дэх хамгийн гайхалтай аврах ажиллагааны нэг болон түүхэнд үлдсэн юм. 2010 оны наймдугаар сарын 5-нд Чилийн хойд хэсэгт орших Сан-Хосе зэс, алтны уурхайд нуралт болж, ээлжинд гарсан уурхайчид газрын гүнд гарах гарцгүй болжээ. Эхэндээ тэднийг амьд үлдсэн эсэхийг хэн ч мэдэхгүй байв. Газар доорх холбоо тасарч, гэр бүлийнхэн нь хэдэн өдөр тодорхой мэдээлэл хүлээн цөхрөнгөө барж байлаа.
Гэвч наймдугаар сарын 22-нд аврах багийн өрөмдлөгийн төхөөрөмжийн үзүүрт бэхэлсэн цаасан дээр “Бид 33-уулаа хоргодох байранд амьд байна” гэсэн зурвас гарч ирэв. Энэ богинохон мэдээ уурхайчид амьд байгааг баталж, Чили төдийгүй дэлхий даяар итгэл найдварын оч асаасан юм.
Уурхайчид газрын гүнд агааржуулалт муутай, халуун, чийглэг орчинд амьдарч байв. Хоол хүнс хомс байсан тул эхний өдрүүдэд хүн бүрд маш бага хэмжээний хүнс ногдож, тэд үлдсэн нөөцөө хуваарилан хэрэглэжээ. Аврах ажиллагаа шууд үр дүнд хүрэх боломжгүй байлаа. Уурхайчдад хүрэх нарийн цооног өрөмдөхөд хэдэн долоо хоног шаардагдах бөгөөд өрөмдлөгийн чиглэл өчүүхэн алдагдахад ч амжилтгүй болох эрсдэлтэй байв.
Чилийн Засгийн газар дотоодын болон олон улсын мэргэжилтнүүдийг оролцуулж, хэд хэдэн өрөмдлөгийн төлөвлөгөөг зэрэг хэрэгжүүлжээ. Үүний зэрэгцээ уурхайчдад хоол хүнс, эм, ус болон холбооны хэрэгслийг нарийн цооногоор дамжуулан хүргэж байв. Газрын гүнд байсан хүмүүсийн биеийн байдал, сэтгэл зүйг тогтвортой байлгах нь аврах ажиллагааны чухал хэсэг байлаа. Тэд өдөр тутмын хуваарь гаргаж, бие биедээ туслан, итгэл найдвараа хадгалахыг хичээжээ.
Аравдугаар сарын 12-ны шөнө аврах ажиллагаанд зориулан бүтээсэн “Феникс” нэртэй тусгай капсулыг ашиглаж эхлэв. Уг капсул нарийн цооногоор газрын гүн рүү бууж, уурхайчдыг нэг нэгээр нь газрын гадарга дээр гаргаж авчээ.
Аравдугаар сарын 13-нд бүх 33 уурхайчин эсэн мэнд аврагдсан байна. Тэдний хамгийн эхнийх нь Флоренсио Авалос байв. Сүүлчийн уурхайчин Луис Урсуа газрын гадарга дээр гарч ирснээр олон долоо хоног үргэлжилсэн аврах ажиллагаа амжилттай өндөрлөжээ.
Аврах ажиллагааг дэлхийн олон орны хэвлэл мэдээллийн хэрэгсэл шууд дамжуулсан бөгөөд уурхайчдыг гэр бүлийнхэнтэйгээ уулзах мөч олон сая хүний сэтгэлийг хөдөлгөсөн юм. Сан-Хосегийн уурхайн осол нь хөдөлмөрийн аюулгүй байдал, уурхайн хяналт шалгалт, онцгой байдлын бэлэн байдлын ач холбогдлыг дахин сануулсан. Мөн шинжлэх ухаан, инженерчлэл, олон улсын хамтын ажиллагаа, хүний тэсвэр хатуужил ямар их үр дүнд хүргэж болохыг харуулжээ.
2010 оны аравдугаар сарын 13-нд дууссан энэ ажиллагаа нь зөвхөн 33 хүний амийг аварсан хэрэг биш байв. Энэ бол найдвар тасрах шахсан үед ч хамтын хүчээр боломжгүй мэт санагдах саадыг даван туулж болдгийн түүх юм. Өдгөө Чилийн 33 уурхайчны авралын түүх дэлхийн хамгийн алдартай аврах ажиллагаануудын нэгээр нэрлэгдэж, ном, баримтат кино, уран сайхны бүтээлүүдийн сэдэв болсоор байна.
Чилийн уурхайд 69 хоног гацсан 33 уурхчны бодит түүхээр уран сайхны кино болон баримтат бүтээлүүд хийгдсэн. Үзэхэд хамгийн тохиромжтой бүтээлүүдийг танилцуулъя.
1. The 33 (2015)
2. The 33 of San José (2010)
3. Buried Alive: Chile Mine Rescue
4. Chilean Mine Rescue: Race Against Time (2026)
2026 оны шинэ баримтат бүтээл
National Geographic-ийн энэхүү баримтат бүтээлд уурхайчдын өөрсдийн бичиж үлдээсэн газрын гүний дүрс бичлэг, аврах ажиллагаанд оролцсон хүмүүсийн дурсамжийг ашиглажээ. 2026 оны есдүгээр сарын 25-наас National Geographic сувгаар гаргаж, дараагийн өдрөөс Disney+ болон Hulu платформд хүргэхээр зарласан байна.
Л.Баяр






















































