
Боксын хүнд жингийн дэлхийн аварга асан Тайсон Фьюри шизофрени болон хоёр туйлт эмгэгтэй гэж оношлогдож байсан тухайгаа анх удаа олон нийтэд дэлгэлээ. Тэрбээр амьдралынхаа хамгийн хүнд үе, сэтгэл зүйн асуудалтай хэрхэн тэмцсэн талаараа Netflix-ийн шинэ баримтат кинонд ярьжээ. Фьюри 2015 онд Владимир Кличког ялж, дэлхийн аварга болсон ч удалгүй сэтгэл гутралд орж, архи, мансууруулах бодисын хэрэглээнд автан, жин нь эрс нэмэгдсэн байна. Улмаар боксоосоо гурван жил орчим хөндийрчээ.
2016 онд түүний биеийн байдал эрс муудаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Улмаар сэтгэцийн эмчид үзүүлэхэд сэтгэл гутрал, түгшүүр, хоёр туйлт эмгэг болон шизофренийн шинж тэмдгүүд илэрсэн аж. Тэрбээр тухайн үед толгой дотор нь байнга дуу хоолой сонсогдож, өдөр тутмын амьдралд нь хүртэл хүндрэл учруулдаг байсныг дурсжээ.
Фьюригийн эхнэр Парис нөхрийнхөө оношийг анх сонсоод итгэж чадаагүй ч эмч нарын тайлбараар түүний олон жилийн турш туулсан асуудлыг ойлгосон байна. Мөн түүний аав Жон Фьюри өөрөө ч сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай гэдгээ ярьжээ.

2017 оноос амьдралаа өөрчлөхөөр шийдсэн Фьюри бэлтгэлдээ эргэн орж, 2020 онд Деонтей Уайлдерыг ялснаар WBC холбооны дэлхийн аваргын бүсийг дахин хүртсэн юм. Тэрбээр 2024 онд Александр Усикт дараалан хоёр ялагдсан ч 2026 онд рингэнд эргэн ирж, хоёр тулаанд дараалан ялалт байгуулжээ.
Түүний амьдрал, спортын замнал болон сэтгэл зүйн тэмцлийг өгүүлэх "Tyson Fury" баримтат кино арваннэгдүгээр сарын 27-нд Netflix платформоор нээлтээ хийх юм.
Л.Баяр





















































