УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн
байгаль орчны нөхөн сэргээлт хийдэг долоон компанийн удирдлагад эрүүгийн
хэрэг үүсгэн шалгахаар болсон. Гэвч одоогоор хаанахын ямар компаниудын
удирдлагуудад эрүү үүсгэх нь тодорхойгүй байгаа. Гэтэл дахин нөхөн
сэргээлт хийх зөвшөөрөлтэй компаниуд хууль бус үйл ажиллагаа явуулж
байгаа нь илэрсээр байна.Уг нь уул уурхайн олборлолтоос болж сүйдсэн байгалийг нөхөн сэргээх тусгай эөвшөөрлийг БОНХЯ-наас өгдөг. БОНХЯ-наас ч тодорхой шаардлага, шалгалтын дүнд тэдгээр компанид зөвшөөрөл өгдөг байх. Тэгвэл сүүлийн үед нөхөн сэргээлт хийх нэрээр халхавчлан алт олборлож, байгаль экологи сүйтгэх тохиолдол улам ихсээд байна. Хамгийн сүүлд л гэхэд нөхөн сэргээлт хийх тусгай зөвшөөрөл авсан “Үзэсгэлэнт дэлхийн төлөө” , “Итгэл-Хүлэг” гэх төрийн бус байгууллагууд хууль бус үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдож хэвлэлээр бичигдэх боллоо.
Тодруулбал, “Үзэсгэлэнт дэлхийн төлөө” гэх байгууллага Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг, Харгайт гэх газар иргэн Т-тэй хамтран алт олборлож байсан нь илэрчээ. Өөрөөр хэлбэл, нөхөн сэргээх зөвшөөрөл авч ажиллаж байсан хэрнээ дахин бусниулж байсан нь цагдаагийн байгууллагын гэнэтийн шалгалтаар нотлогджээ . Мөн шалгалтын үеэр Хүдэр сумын нутаг Шоргоолж буюу Хальнитын ам гэх газарт “Итгэл-Хүлэг” гэх байгууллага ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүй хэрнээ хөрс хуулж, алт олборлохыг завдсаныг илрүүлэн шалгаж эхэлсэн байна. Сэлэнгийн цагдаагийн газраас тухайн байгууллагуудын нөхөн сэргээлт хийх нэрээр байгаль дэлхий сүйтгэж байгааг баримтжуулан, техник хэрэгслийг нь битүүмжилсэн байдалтай байгаа аж.
Мөн
тус аймгийн Цагдаагийн газрынхан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу
шинжээч томилж, экологи, эдийн засгийн хохирлыг тооцуулахаар болсон ч
шинжээчид хохирол нь эрүүгийн хэрэг үүсгэх хэмжээнд хүрээгүй гэх
“сонирхолтой” хариуг өгчээ. Өмнө нь бас "SQM", “Дунар-Од”, “Их сайрын хөндий” зэрэг компанийнхан нөхөн сэргээлт нэрээр алт олборлож байсан нь илэрч байсан.
Ямартаа ч нөхөн сэргээлт нэрийн дор өөрсдийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлдэг компаниудад Прокурорын байгууллагаас ч тэр, БОНХЯ-наас ч тэр хатуу хариуцлага тооцож хуулийн дагуу зохих шийтгэлийг нь оноож, түүнийгээ иргэдэд ил тод мэдээлэх хэрэгтэй байна.
/24tsag.mn/






















































