Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний бүртгэл мэдээллийн хэлтсийн Архив сан хөмрөг хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Н.Бат-Амгаланг өнгөрсөн оны долдугаар сарын 25-нд ажилчдынхаа компьютерт санаатайгаар халдаж мэдээлэл авч олон нийтэд тараасан гэдэг үндэслэлээр удирдлагууд нь цагдаагийн байгууллагад өгсөн байдаг. Энэ дагуу тэрбээр шүүх цагдаа гэж явсаар энэ сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн прокуророос гэм буруугүй нь тогтоогдсон аж. Улмаар эргэн ажилдаа орох гэтэл аль хэдийнэ оронд нь хүн авч ажлуулж эхэлсэн байжээ. Ингээд тэрбээр өргөдөл, гомдол өгч “намайг ямар ч буруугүй гээд шүүхээс тогтоогоод өгсөн байтал яагаад ямар ч үндэслэлгүй ажилд маань буцааж авахгүй байгаа юм” гэж хэлсэн ч удирдлагууд нь хүлээж аваагүй байна. Ингээд түүнтэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа.- Тэгэхээр олдугаар сарын 25-наас ажилгүй байсан гэж ойлгож болох уу?
- Яг хоёр сар ажлаа хийж чадахгүй явж байна. Манай байгууллагын удирдлагууд намайг хуул бусаар шалгасан. Гэвч шүүхээс гэм буруугүй гэдэг нь тогтоогдоод энэ сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн прокуророос гэм буруугүй гэсэн тогтоолыг гаргаж өгсөн. Ямар ч гэмт хэрэгт холбогдолгүй гэсэн тогтоол шүү дээ. Ингээд энэ сарын11-нээс байгууллагадаа хандаж буцаж ажилдаа орохыг хүссэн. Гэвч өнөөдрийг хүртэл хариу өгөхгүй байна.
- Ямар учраас шалгуулсан юм бэ?
- Байгууллагынхаа албан хаагчийн компьютер дээрээс мэдээлэл авч бусдад тараасан гэж үзсэн. Ингээд манай хяналт шинжилгээ дотоод аудитын хэлтсийн дарга Болдбаатар, мөн манай хүрээлэнгийн захирал Өлзийбаяр нар ямар нэгэн хувийн ашиг сонирхолын үүднээс хандаж, хүчин төгөлдөр бус тушаал гаргасан. Өөрөөр хэлбэл тэр хоёр тушаал гаргаж намайг цагдаагийн байгууллагаас шалгах болсон учир албан үүргээс нь түр түдгэлзүүллээ гэсэн тушаал гаргасан. Ямар шалтгаанаар шалгаж байгаа үндэслэлээ ч олигтой дурдаагүй байсан. Ингээд шууд миний оронд ажиллах хүнийг томилох тушаал гаргасан байгаа. Улмаар долдугаар сарын 25-ны өдөр Болдбаатар хэлтсийн дарга таван хүний хамт миний өрөөнд орж ирээд таныг шалгах болсон гэж хэлсэн. Би ямар учраас шалгах гэж байгааг нь асуухад "та алба хаагчийн компьютерт зөвшөөрөлгүй нэвтэрсэн байна" л гэж хэлсэн.
-Та тэгэхээр захиралаа буруутгаж байгаа хэрэг үү?
-Ер нь бол төрийн албанд ажиллаж байгаагүй туршлагагүй хүн манайд удирдлагаар ажилладаг. Хуулиас давсан зүйл хийж маш олон хүмүүст чирэгдэл учруулаад байна. Манай нэг албан хаагч бас л захиргааны хэргийн шүүхээр явж байгаа. Бас л албан тушаалаас нь үндэслэлгүй чөлөөлсөн. Энэ мэтээр ажиллагсдаа хохироодог.
-Хэдэн жил энэ байгууллагад ажилласан бэ?
-Би 2006 оноос хойш ажиллаж байна.
Юутай ч тэрбээр тухайн үед ийн ярилцлага өгч байсан ч өдгөө ажилдаа орчихсон, өөдрөг алхаж байгаа аж. Энэ талаар өөрөөс нь тодруулахад, "удирдлагуудтайгаа шүүхдэлцэж дахин ялж ажилдаа эргэн орсон. "Одоо дахин ямар ч асуудал гаргахгүй" гэх ам мөчгийг өгөөд ажиллаж байна даа" гэв. Ийн шүүхийн байгууллага халагдсан иргэдийнхээ талд асуудлыг үнэн зөв шийдэж байгаа нь иргэдийн амьдралд чухал хувь нэмэр оруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/























































Сэтгэгдэл (1)