Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос валютын өөрчлөлтөөс шатахууны үнэ нэмэгдэж, үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өссөнийг эсэргүүцэж, маргааш Нийслэлийн Д.Сүхбаатарын талбай болон 21 аймагт эсэргүүцлийн жагсаал, цуглаан зохион байгуулахаар болоод байгаа.
Тиймээс Цагдаагийн байгууллагаас “Монгол Улсын Үндсэн хууль”-д заасан иргэдийнхээ тайван замаар жагсаал, цуглаан хийх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх эрхийг хүндэтгэж байгаа аж.
Мөн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс жагсаал, цуглааныг зохион байгуулагч нарт “Жагсаал, цуглаан хийх журмын тухай” хуулийн 11-р зүйлд заасан үүргээ хэрэгжүүлж “Жагсаал, цуглааны үеэр хүний амь нас, эрүүл мэнд, бусдын өмч хөрөнгөнд хохирол учруулахгүй байх, нийгмийн хэв журам зөрчсөн аливаа үйлдэл” гаргахгүй байх талаар анхаарахыг хүсч, Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Буянаад албан бичиг хүргүүлжээ.
Түүнчлэн цагдаагийн байгууллагаас “Жагсаал, цуглаан хийх журмын тухай” хуулийн 13-р зүйлд заасны дагуу жагсаал, цуглааны үеэр нийгмийн хэв журам сахиулах үүргээ биелүүлж ажиллах болохоо мэдэгдэв.
Тиймээс жагсаал, цуглааныг зохион байгуулагчид, оролцогчид хууль дүрмээ хүндэтгэн сахиж, цагдаагийн байгууллага, ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж ажиллана уу хэмээн уриаллаа.
Б.Чимэг






















































