Үйл ажиллагаа нь цаашид үргэлжлэх эсэх нь тодорхойгүй, дэлхийн хэмжээний вэб сайт болох MegaUpload.com одоогоор хаалттай байна. Дэлхийн эргэн тойронд 150 сая гаруй бүртгэлтэй хэрэглэгчтэй уг сайтын үүсгэн байгуулагч, эзэн Ким Доткомыг гэрээс нь баривчилж, хорьсон байгаа. Маргааш түүнийг шүүхээр оруулах бөгөөд гарсан хариунаас нь хамаарч хэрэглэгчид файл хуваалцдаг/share/ сайтуудын ирээдүй тодрох юм. Зөвхөн Кимийг барихаас гадна тус компаний маркетингийн албаны дарга, ерөнхий инженер болон бусад удирдах албан тушаалтныг баривчилжээ.Энэ бүхний үндэслэл нь SOPA/Stop Online Privacy Act/ буюу зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүйгээр бүтээгдэхүүн тараахыг зогсоохыг хүсэгчдийн шаардлага байсан гэнэ. Америкийн кино уран бүтээлчид болон дуу бичлэгийн томоохон холбооноос энэ төрлийн хууль эрх зүйн баримт бичиг боловсруулах санал гаргажээ. Түүнчлэн цаашид энэ явдлыг таслан зогсоохыг хүсч байгаа гэнэ.
Бүртгэлгүй хэдэн сая хүний ашигладаг “Мега” сайтыг хаагдмагц “Anonymous” хэмээх хакеруудын бүлгэм эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэд твиттер хуудсандаа “Засгийн газраас MegaUpload-ыг хаамагц бид 15 минутын дараа Засгийн газрын зохиогчийн эрхийн сайтуудыг хакердана” гэжээ. Маш олон вэб сайт MegaUpload-ын талд байгаа бөгөөд тус сайтыг хууль зөрчөөгүй хэмээн үзэж байна. Учир нь хэрэглэгчид өөрсдийн хүссэн файлыг сайтын санд хадгалдаг бөгөөд түгээх холбоос/link/-ыг өөрсдөө хүмүүст тараадаг. Хэрэв хэрэглэгчдээс “Зохиогчийн эрхийг зөрчиж байна” гэсэн сануулга ирвэл тухайн файлыг устгах зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг аж.

Одоогоор дээрх хуулийн төслийг Microsoft, Apple, Adobe, Dell, Intel
зэрэг компаниуд бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Гэтэл Google,
Facebook, Yahoo, Twitter, Mozilla, eBay, Linked-in, AOL, Zynga зэрэг
олон нийтийн сүлжээ, худалдаа, харилцааны компани эсэргүүцэж байгаа аж. MegaUpload-ыг голлон хэрэглэдэг улс үндэстнүүдийн нэг болох америкчууд ч улс төрчдөө “заналхийлж” эхэлсэн байна. Тодруулбал, SOPA болон PIPA зэрэг баримт бичгүүдийг баталж, дэмжсэн сенатуудад дахиж саналаа өгөхгүй гэсэн анхааруулгыг ч өгөөд байгаа аж. Гэхдээ энэ бүхний эхлэл нь маргааш болох шүүх хурлаар Ким болон түүний хамтран зүтгэгчдийн баривчлагдсан явдал хэрхэн дуусахаас ихээхэн шалтгаалах болно. Хэрэв хязгааргүй интернэт орчинг хуулиар хязгаарлахаар шийдвэрлэвэл шинэ төрлийн "дайн" эхэлж болохыг ч мэргэжилтнүүд хэлж байна.






















































