МҮЭ-ийн “идээ бээрийг шахах” гэсэн таван хүн өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Гэхдээ тэд юуны өмнө энэ нь С.Ганбаатартай холбоогүй гэдгийг мэдэгдье гэсэн юм. Тэдний хэлж буй цөөн тооны хүн С.Ганбаатараас өмнө байсан, одоо ч өөрчлөгдөөгүй байгаа гэнэ. Өнгөрсөн онд болсон МҮЭ-ийн 20 дугаар их хурлаар ерөнхийлөгчийн тайланг сонсохоос гадна хяналтын хорооны тайланг сонсож, гишүүдийг сонгодог аж. Гэтэл хяналтын хорооныхон хууль зөрчсөн тул Чингэлтэй дүүргийн шүүхэд өгчээ. Хэсэг өмгөөлөгч, хуульчаас бүрдсэн баг ҮЭ-ийг шинэчлэхээр ажиллаж байна. Хяналтын зөвлөлийг их хурлаар сонгууль явуулж сонгох байсан ч урд шөнө нь санал хураалтын хуудас бэлтгэчихсэн байсан гэнэ. Өөрөөр хэлбэл дахин сонгогдох гэсэн хүмүүс өөрсдийгөө сонгуульд ялуулахаар саналын хуудас бэлдсэн байжээ. Түүгээрээ ч хяналтын хороонд багтаж чадсан гэнэ. Энэ явдлыг хэвлэлийн бага хурал зарлагчид эсэргүүцжээ. Тэдний бэлтгэсэн материалд дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга М.Ганаа нарын нэрийг дурдсан байлаа.
Мөн шүүхэд өгөх хэд хэдэн шалтгаан байсан гэнэ. Нэгдүгээрт, их хурлаар хяналтын хороо тайлангаа танилцуулах байсан ч тэгээгүй. Шалтгаан нь өөрсдийнх нь завшиж, хууль бусаар идсэн булхай илрэх гээд байсан гэж батлан хэлж байлаа. Хоёрдугаарт, хяналтын хороонд ажил олгогч буюу компаний захирлууд орсон байжээ. Гэтэл хуулинд заасан хавсран гүйцэтгэж болохгүй албан тушаалын заалтыг зөрчсөн юм байна. Гуравдугаарт, их хуралд оролцох 35 салбар нэгжээс оролцох гишүүдийн тоог зарим газраас 10-аас дээш хүн оруулж дүрэм, журам зөрчжээ. Дөрөвдүгээрт, хяналтын хороонд 55 настай эмэгтэйг тэтгэврийн насных хэмээн хөөн гаргасан байна. Гэтэл сонгуулиар 70 настай хүнийг сонгож оруулж ирж байгаа нь өөрөө шударга бус юм. Нөгөө талаасаа Хөдөлмөрийн хуулийг баримтална гэж дүрмэнд зааж өгсөн байдаг тул 55 настай эмэгтэй, 70 настай эрэгтэй хоёрыг хоёуланг нь зөвлөлд авах боломжгүй гэж хуульчид үзсэн байна. Тэд ингэж шүүхэд өгөөд, их хурлаас гаргасан хяналтын зөвлөлийн талаарх шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүсч байгаа аж.






















































