Дархан-Уул аймгийн иргэн Ш.Баяртулгын гэрт хэрэглээний хийн баллон дэлбэрч, оршин сууж байсан 14 дүгээр байрны тухайн орцны иргэдийг гэрээс нь гаргасан билээ. Уг хэргийн газарт мэргэжлийн хүмүүс ажиллаж тодорхой дүгнэлтийг гаргахад “Дашваанжил” ХХК өөрсдийн холбогдох хууль, дүрмүүдээс нийт 11 зүйл заалтыг зөрчсөн байжээ. Хамгийн энгийн нь барилгын хоёр давхраас дээш хийн баллон хадгалахгүй гэсэн дүрмийг зөрчсөн байна. Үүнээс гадна “Дашваанжил” компаний дараах зөрчлийг илрүүлжээ. Тус компаний Дархан дахь салбар нь хий цэнэглэх цэгийн станцын барилгыг ашиглалтад бүрэн хүлээлгэж өгөөгүй байсан гэнэ. Ингэснээр зориулалтын бус эсвэл комисс хүлээж аваагүй байгууламжид газрын тос хадгалж байгаа бас нэг зөрчил болжээ. Мөн баллон үйлдвэрлэгчээс техникийн магадлалыг хийлгээгүй, баталгаат хугацаа нь дууссан баллон ашиглаж байсан н өөр нэг зөрчил байв. Эднээс гадна хэрэглэгчийн дэвтэрт баллон олгосон, сольсон тэмдэглэл хөтлөөгүй, ажилчдыг техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрмийн мэдлэг олгоогүй, хий цэнэглэх автомашинаа аюулгүй ажиллагаа хариуцагчийн тушаалаар томилоогүй байсан гэнэ.
Хэргийн газар хоёр хоног ажилласан мэргэжилтнүүд өөрсдийн дүгнэлтдээ “Барилгын тухай”, “Газрын тосны бүтээгдэхүүний тухай” хууль, “Хийн хангамж БНбД 42-01-04”, “Хийн аж ахуйн аюулгүй ажиллагааны дүрэм”, “Хийн аж ахуйн техник ашиглалтын дүрэм”-ийг чиглэл болгосон байна. Үүнээс үзэхэд дэлбэрэлт болж, хоёр эмэгтэй эрүүл мэндээрээ, тухайн орцны иргэд орон байраар хохирсон нь “Дашваанжил” компаний Дархан дахь салбарын буруутай ажиллагаанаас болсон нь тогтоогджээ.






















































