Даваа гарагт АН-ын удирдах зөвлөл мэдэгдэл гаргаж УБЕГ-ын даргаар МАН-ын нарийн бичгийн дарга асан Л.Амарсанааг томилох гэж байгааг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн билээ. Мөн УИХ-ын намрын чуулган тарах дөхөж байхад МАН III бага хурлаа хийж бүтэн өдрийн завсарлага авсан хэмээн буруутгасан. Тэгвэл өнөөдөр МАН-аас энэ асуудлаар хариу мэдэгдэл хийсэн байна. АН засгийн газраас гарсан даруйдаа ямарваа нэг аргаар чуулганаас байн байн завсарлага авч төрийн ажилд гацаа үүсгэж байгааг дуулгах нь зүйтэй хэмээн тэд үзжээ. Түүгээр ч зогсохгүй УБЕГ-ын даргын томилгоог “сонгуулийн штаб болголоо, сонгууль будлиантуулах санаа” гэх зэрэг үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь зүйд нийцэхгүй хэмээжээ. АН-ын дарга Н.Алтанхуяг тэргүүн шадар сайд байхдаа өөрийнх нь мэдэлд байсан Улсын бүртгэлийн газрыг сонгуулийн штаб болгож байсны зэрэгцээ хууль бус булхайтай үйлдэл хийж тэр нь илрэх вий гэхээс эмээж байна гэж уг мэдэгдэлд дурджээ. АН-ынхан Л.Амарсанааг энэ тушаалд томилох юм бол Ү.Хүрэлсүхийг тэргүүн шадар сайд болгохыг эсэргүүцэж байсан шигээ хүчтэй эсэргүүцнэ гэдгээ мэдэгдэж байсан шиг ийм шалтгаанаар гацаа үүсгэвэл МАН ч бас дуугүй байхгүй бололтой. Хэрэв МАН-ын нарийн бичиг асан Л.Амарсанааг УБЕГ-ын даргаар сонгох нь хууль бус томилгоо гэж үзэж байгаа бол Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавын томилгоонд ч тайлбар хийх шаардлагатай гэж МАН-ынхан үзсэн байна. Архангай аймгийн АН-ын дарга асан Д.Баярсайхан Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын даргаар ажиллаж байгаа нь ч хөндөгдөх болж байна. Хэн хэн нь булхайтай томилгоо хийснийгээ ийнхүү илчилж эхлэв. МАН-ын дарга, ерөнхий нарийн бичгийн даргын хүсэл зоригийн дагуу шийдэгдэж буй Засгийн газрын томилгоог тайзны гадна байгаа АН хэрхэн сөрөх нь сонирхолтой бас багагүй эрсдэл дагуулсан нүүдэл байх бололтой.
Б.Баяр






















































