Засгийн газрыг дангаараа бүрдүүлж, эрх мэдэл нь занхайсан МАН-ын хагарал улам бодитой болж байна. Долоо шархадсан чоно шиг болсон МАН энэ удаа үзэл бодол, нутаг ус, ураг садны холбооноос болж дотроо хагарсангүй. Харин мөнгөтэй мөнгөгүй, баян хоосны ялгаа илт мэдрэгдэх болсноос “луухгарууд” ба “гомдогчид” гэсэн хоёр хэсэгт хуваагдах шинжтэй болов. Энэ нь ч бодит байдал дээр биелэлээ олж эхэллээ. АН-ын дэд сайд нарын оронд томилсон гурван дэд сайдыг хөрөнгө чинээ, намд өгсөн ба өгөх хандиваар нь хэмжсэнд намын жирийн гишүүд ихэд эмзэглэсэн. Ялангуяа “МАК” компаний Н.Номтойбаярыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд болсонд тун их дургүйцжээ. Гэсэн ч дээгүүрээ яриад богино хугацаанд томилчихсон тул жирийн гишүүд нь “А” ч гэж дуугарч чадаагүй. УИХ-ын чуулганыг хойшлуулан байж хийсэн МАН-ын III бага хурлаар ч тэдэнд сэтгэлээ уудлах боломж гарсангүй, хэдэн дарга нарын уйтгартай “уншлага”-ыг сонсоод л өнгөрсөн билээ.Өмнө нь МАН-ын удирдах зөвлөлийнхөн баячуудын өв залгамжилсан хүүхдүүдийг сайдын суудалд суулгахгүй гэж тохиролцсон тухай яриа зарим хэвлэлээр цацагдаж байсан. МАН-ын бага хурлын гишүүн болсон Н.Номтойбаярыг бялууны хэрчим хуваалцахаар эргэлдэж байна гэх хар төрж байсан ч түүнийг ийм чухал албанд томилно гэж төсөөлөөгүй хүн олон байсан биз. Тиймээс МАН доторх эх сурвалжууд сонгуулийн “морь” болж олон жил гүйсэн ч мөнгөгүй гэсэн шалтгаанаар албан тушаалын жагсаалтаас хасагддаг хэд нь бухимдах, гомдохын хэрээр нэгдэж, бүлэглэл үүсгэж байгаа нь бодитой гэдгийг хэлж байна. Энэ намд баячууд хүч түрэн орж ирэхийн хэрээр өт хүртэл биедээ хүрэхээр атирдаг шиг жирийн гишүүдэд “дархлаа” тогтож байгаа бололтой.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн хэлснээр МАН-ын удирдлагууд УИХ дахь гишүүдээ нэг нэгээр нь дуудаж ирэх сонгуульд тойрог хуваарилах талаар уулзаж байгаа аж. Тэд жирийн гишүүдийг дуудахгүй нь лав. Мэдээж мөнгө өгөхгүй бол шүү дээ. Хэрэв УИХ болон сонгуулийн үеэр энэ мэт мөнгөний томилгоо хийсээр байвал “луухгар”-уудын сандал суудлыг доргиосон том тэсрэлт болох шинж үзэгдэж эхлэв. Ялангуяа УИХ-ын сонгуулийн хувь тэнцүүлсэн тойрогт баячууд, баячуудын балчируудыг тавибал саяхнаас цухалзах болсон зарим гишүүд нь МАХН-тай нэгдэнэ гэсэн яриа биелэхийг үгүйсгэхгүй. С.Батболд, Ү.Хүрэлсүх нарын сүүлийн үед хийж буй нүүдлийг ажвал тэд мөнгө олох гэсэн бодлогоо зогсоох шинжгүй байгаа юм. Тиймээс МАН-ын баячуудыг буулгаж, байр байранд нь тавихыг шахаж шаардах хэн нэгэн хэрэгтэй байгаа юм. Гэхдээ мөнгийг нь дээрэмдэж баян, хоосны ялгааг арилгадаг биш эрх мэдэл, албан тушаалын хуваарилалтыг шударга байлгах Робин Гүүд хэрэгтэй байна.
Дайны цагт баатар төрдөг шиг цаг үеийн захиалгаар чухам хэн МАН доторх баян, хоосны ялгааг арилгах Робин Гүүд-ээр тодрох бол?
Б.Баяр /24tsag.mn/






















































