УИХ-ын намрын чуулганы сүүлийн өдөрт амжиж Таван толгойн ордыг ашиглах тухай УИХ-ын 39-р тогтоол 76,1 хувиар баталлаа. Ингэснээр “Эрдэнэс Таван толгой” компаний 20 хүртэлх хувийг иргэдэд олгохоор болж байна. Харин хувьцаа авсан бол иргэд “Хүний хөгжил сан”-гаас өгөх сая төгрөгийг авах эрхгүй болж байгаа юм. Энэ тогтоолын төсөлд өөрчлөлт оруулахыг санаачилсан УИХ-ын гишүүн Я.Батсуурь иргэдэд хувьцаа эсвэл сая төгрөгөө ав гэж тулгаж байгаа нь ялгаварлан гадуурхсан хэрэг гэж үзэж байсан. Тэрбээр орлого багатай иргэд хувьцааг сонгохгүй сая төгрөгөө авна. Авсан мөнгөө цагаан сарын баярын дараа үрээд дуусах тул баян, ядуугийн ялгаа улам ихэснэ гэж сануулж байсан. Гэсэн ч байнгын хороон дээр яригдаж байснаараа энэ төсөл батлагдсан юм. Харин энэ хувьцааг нь тараах гэж байгаа “Эрдэнэс таван толгой” компани нь Таван толгойн ордуудын аль хэсгийг, ямар нөөцтэй хэдэн га газар эзэмшдэг болох нь бүрхэг байдалтай байхад тогтоолыг батлав. Энэ төсөлд саналаа өгсөн Ц.Даваасүрэн гэх зэрэг гишүүд үүнийг тодруулж өгөхийг хүссэн ч Эрдэс баялаг эрчим хүчний яам болон “Эрдэнэс Таван толгой” компаниас тодорхой хариулт өгөх хүн байсангүй. Ямартаа ч төрөөс сая төгрөгөө сургалтын төлбөр хэлбэрээр авсан оюутнууд Таван толгойн ордын хувьцааг авах боломжгүй боллоо.






















































