БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод хар тамхи зөөвөрлөсөн хэргээр 15-20 жилийн хорих ял сонссон эгч, дүү хоёр болох Б.Цэвэлмаа, Б.Норжмаа нарыг эх оронд нь шилжүүлэн авах тухай хүсэлтийг өнгөрөгч хавар тус улсын эрх бүхий албанынханд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж уламжилсан юм. Эл хүсэлтийг тус улсын эрх бүхий албанынхан хүлээн авч, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-нд Б.Норжмаа, Б.Цэвэлмаа нарыг эх оронд нь шилжүүлсэн. Тэднийг ялтан шилжүүлэх гэрээний дагуу эх оронд нь авчирсан юм. Тэд 2008 онд Улаанбаатараас БНХАУ-руу зорчихдоо нэгэн үл таних Өвөрмонгол иргэний захиалгаар мансууруулах төрлийн бодис тээвэрлэж явсныг нь Эрээний боомтын гаалийн байцаагч нар илрүүлж хятадын цагдаа нарт хүлээлгэн өгсөн байжээ. Тус бодисыг шалгахад каннабисын төрлийн бодис болох нь тогтоогдож, тус улсын Ардын шүүхээс 15-20 жилийн хорих ял авсан юм. Тус шоронд байхдаа эгч дүүсийн биеийн байдал муудаж, эмчийн хяналтад ороод байсан. Харин одоо ШШГЕГ-ын харьяа 407 дугаар анги буюу эмэгтэйчүүдийн хориход хоригдож байгаа бөгөөд одоо ч эмчийн хяналтад байгаа аж. Б.Чимэг





















































