Сонгууль ойртсоныг илтгэж улс төрийн намуудын уралдаан улам бүр тодорч бас ширүүсч байна. Ялангуяа УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг зэрэг явуулах, тусад нь явуулах гэдэг асуудал эрх баригч намуудын сонирхлыг хөндөж байгаа тул шийдэлд хүрэхгүй удаж байна. МАН, АН хоёр бие биенийхээ бодлогыг шүүмжилж, хамгийн ухаантай нь хэн бэ гэдэг уралдаанд орж байгаа мэт аашилж байна. Ардчилсан намынхан “УИХ-ын сонгуулийг орон нутгийн сонгуультай хамт явуулах нь зардал хэмнэнэ” гэж тайлбарлаж байна. Мөн “Ардын намынхан өөрсдийгөө УИХ-ын сонгуульд ялагдаж мэдэх учраас орон нутгийн сонгуулийг нөөцөнд үлдээж, ялалт байгуулах гээд байна” гэсэн хардлагыг ч нийгэмд түгээж байгаа. Тэгвэл Ардын намынхан бас л мөчөөгөө өгөлгүй өөрсдийнхөө тайлбарыг хэлж байгаа. Тэр нь “Хамт явуулах боломжгүй. Хоёр сонгууль нийлээд 30-аад мянган хүн нэр дэвшинэ. Тэр хэрээр тойрог, хэсгийн хороодод ажиллах хүний тоо гурав, дөрөв дахин өсөх болно. Тийм боломж манайд байхгүй. Мөн УИХ-ын сонгуулийг автомат машинаар тоолж 20 цаг гэхэд дуусгах ёстой байтал орон нутгийн сонгууль зэрэгцэж явснаар аль, аль нь хугацаандаа амжихгүй байх магадлалтай” гэсэн тайлбар. Дээрх хоёр хариултын аль алинд нь үнэний ор бий. Хоёр тусдаа явууллаа гэхэд зардал их гарахаас гадна анх удаа УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж буй манай улсын хувьд иргэдэд үүнийгээ тайлбарлан, таниулах хугацаа хэрэгтэй юм. УИХ-ын гишүүнийг сонгох, нам сонгох, тухайн аймгийн, сумын удирдлагыг сонгох гэсэн дөрвөн сонгуулийг нэг дор явуулна гээд тооцохоор цаг хугацааны хувьд оройн 10 цаг хүртэл үргэлжилдэг сонгууль шинэ хууль ёсоор 20 цагтаа амжих эсэх нь тун эргэлзээтэй.
Энэ дунд гишүүдийн олонхийн саналаар баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу Сонгуулийн ерөнхий хорооноос авчирч байгаа санал тоолох машины боломж, бололцоо гэж бас бий. “Сонгуулийг шударга, үнэн явуулах зорилгоор хуульчлан баталсан уг машинд хоёр өөр сонгуулийн нэр дэвшигчийн нэрсийг уншуулж, тоолуулахын тулд хугацаа хэрэгтэй” гэдэг тайлбарыг Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн. Энэ нь нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтыг сум, суурингаар нь тус тусад нь дор хаяж сар гаруйн өмнө хэвлэн, программчлан суулгах хэрэгтэй гэсэн үг. Энэ үгийг зөвхөн манайхан ч бус уг санал тоолох машиныг бүтээсэн Америкийн мэргэжилтнүүд нь хэлж буй. Тэгэхээр манайхан сурсан зангаараа монголчилдоггүй л юм бол ямар ч боломжгүй гэсэн үг. Мэдээж монголчиллоо гэхэд бөөн асуудал үүснэ. Машинаар болохгүй юм бол нэгийг нь гараар, нөгөөг нь машинаар тооллоо гэсэн ч цаг хугацааны хувьд амжихгүй. Бодит үнэн нь энэ. Ийм байхад хоёр намаараа талцах хэрэг юу байна вэ?
Хэн нэгнийх нь шийдсэнээр сонгууль явлаа гэхэд сонгуулийн дүнг эсэргүүцсэн долоодугаар сарын нэгний өдрийнх шиг жагсаал, үймээн болохыг үгүйсгэхгүй. Гэтэл “Ирэх УИХ-ын сонгуульд бид ялагдвал дайн дэгдэнэ. Би гэрээслэл бичээд тэмцэнэ” гэж хэлж байгаа намын дэд дарга байна, цаана чинь. Иргэний хөдөлгөөнөөс гаралтай улс төрчид ч “Хувьсгалыг сонгуулиар хийж болдоггүй юм бол тэмцлээр хийнэ” гэж хэлж байна. Чухам тэмцэл гэдгээ хэрхэн тодорхойлж байгааг нь мэдэхгүй ч энэ бол айдас. Эгэл жирийн иргэн бидний хувьд анархизмд хөтлөгдөхөөс илүү амар тайван амьдрах нь чухал. Улс төрийн эрх ашиг бол бүр ч хэрэггүй. Хоёр сонгууль зэрэг болж, дунд нь маргаан үүслээ гэхэд өлгөж аван хатуу ширүүн тэмцэл рүү олныг буухиалах улс төрийн хүчин, улс төрч хангалттай байхад ингэж маргах хэрэг юу байна. Тийм ч учраас “Ард түмэнд анархизм бус амар тайвныг хүсэх эрх бий юү” хэмээн дахин, дахин асуугаад байгаа хэрэг. Үүний төлөө хоёр сонгуулийг зэрэг явуулж, холион бантан хутгаад, дараа нь жижигхэн ч маргааныг өгөөш болгон увайгүй нөхдүүдийн олз болох хэрэг байгаа гэж үү. Энэ тэмцэлд хэн хожих вэ гэхээсээ хэн хохирогч болох вэ гэдэг асуулт тодорхой байна. Улс төрчид биш жирийн ард иргэд.





















































