“Зоос” банкийг дампууруулсан хэрэгт буруутгагдаад буй тус банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарыг өнөөдөр 14.00 цагаас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн танхимд шүүнэ. Хуралд шүүгчээр И.Ганбат, улсын яллагчаар Ц.Насанбат, өмгөөлөгчөөр Б.Оюунбилэг нар оролцох аж. Тэднийг бусдын эд хөрөнгийг завшсан, хуурамч баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар буруутгаж байгаа юм. Уг хэрэгт мөн тус банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжий, ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал Х.Пүрэвсүрэн нарыг холбогдуулан шалгаж байсан ч мөрдөн байцаалтын явцад Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал Х.Пүрэвсүрэн, ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нарын гэм буруутай нь нотлогдоогүй учир Нийслэлийн прокурорын газраас тэдний хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Харин гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжийгийн банкны мөнгө үрэгдүүлсэн хэргийг тусгаарлаж, түүний хэргийг өнгөрсөн сард хэлэлцээд, түүнд зургаан жилийн хорих ял оноосон юм. Улмаар 2009 онд баталсан "Өршөөл үзүүлэх тухай хууль"-д хамруулан, түүнд оноосон зургаан жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, харин харилцагч, хадгаламж эзэмшигчдэд учруулсан 1.6 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах ёстой гэж шийдвэрлэсэн билээ. Харин уг шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахаа тэрээр мэдэгдсэн юм.
Б.Чимэг





















































