Үндэсний бүтээн байгуулагч “Нью прогресс” групп өнөөдөр “Шинэ хавар, шинэ ажил, шинэ ирээдүй” ажлын байрны өдөрлөгийг Монгол Японы төвд зохион байгууллаа. “Нью прогресс” групп авто замын салбарт 400 гаруй, эрчим хүний салбарт 200, барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэлийн салбартаа 250 орчим мэргэжилтэн авах аж. Тиймээс удирдах ажилтан, дээд, дунд, анхан шатны менежер, инженер, хүнд машин механизмын жолооч оператор, автогрейдерчин, индүүчин, бульдозерчин зэрэг мэргэжилтэй ажиллагсад болон туслах ажилчдын ажлын байрыг нээлттэй зарлаж байна.Өнөөдөр “Нью Прогресс” группийн бүх салбар компаниудын хүний нөөцийн ажилтнууд ажлын байрны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн юм. Өдөрлөг гуравдугаар сарын 9, 10-нд Улаанбаатар хотын Монгол-Япон төвд, 3-р сарын 16-нд Ховд аймагт, 17-нд Дархан хотод,18-нд Эрдэнэт хотод тус тус болно.
“Нью прогресс” групп нь 2012 онд нийт 181 км урт хатуу хучилттай авто зам, нийслэл болон хөдөө орон нутагт барилга угсралтын нийт 7 төсөл буюу 25 000 мкв барилгын ажил, 315 км цахилгаан дамжуулах агаарын шугамын дэд өргөтгөлийг хийхээр төлөвлөөд байгаа аж.
Өнөөдөр тус өдөрлөгийн нээлтэнд Мянганы Сорилтын Сангийн мэргэжлийн боловсрол сургалтын төсөл, Хөдөлмөрийн Төв Бирж, дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүд, нийслэл болон орон нутгийн Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн төв, ШУТИС зэрэг байгууллагын төлөөлөл ирсэн юм.





















































