Шударга сонгуулийн төлөө түр хорооноос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. “Эрс шинэчлэл”, “Үндэсний хас” зэрэг хөдөлгөөн нэгдэж, дээрх хороог байгуулсан байна. Тэд сонгуулийн ерөнхий хороог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах тухай шаардах бичгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нарт хүргүүлж байгаа гэнэ. Тэд хэлэхдээ “Сонгогчдын саналыг будилаантуулж гол булхай, луйварыг хийдэг газар бол Сонгуулийн ерөнхий хороо. 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үймээний гол буруутан ч энэ байгууллага. Ирэх сонгуулийг эрх баригчдаас хараат бус олон нийтийн төлөөллийг багтаасан цоо шинэ бүрэлдэхүүнээр хийх нь чухал байна. Тиймээс эл байгууллагыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах шаардлагатай гэж үзэж буйгаа хэллээ. Мөн тэд Сонгуулийн ерөнхий хороо нь улс төрийн аль нэг хүчин болон эрх баригчдаас хараат бус байх ёстой гэж үзэж байна. Хэрвээ энэ шаардлагыг холбогдох газрууд биелүүлэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдлээ.
“Үндэсний хас” хөдөлгөөний тэргүүн Д.Нанжид “УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа гол луйврыг зохион байгуулсан СЕХ-ны дарга Баттулга болон дэд дарга нар нь өөрсдийн саналаар ажлаа өгөөд явчихсан учраас долдугаар сарын 1-ний хэрэг өдий болтол хариуцах эзэн нь олдохгүй байна. Яг үнэндээ сонгууль ид өрнөж байхад СЕХ-ны дарга асан Баттулга гэдэг хүн сонгогчдын нэрсийн жагсаалтад нэр нь байхгүй ч иргэний үнэмлэхтэй хүмүүсээр санал өгүүлэх шийдвэр гаргасан нь үймээн гарах гол нөхцөл болсон” хэмээн ярив. Түүнээс тэрхүү үйл явдалд огт хамаагүй дарга нартай өнөөгийн СЕХ-г заавал огцруулах шаардлагатай эсэхийг асуухад “СЕХ-ны шийдвэр бол хамтын шийдвэр байх ёстой гэсэн хуультай. Тэр утгаараа тухайн үеийн шийдвэр бол зөвхөн дарга байсан Баттулга гэдэг хүний шийдвэр бус, СЕХ гэдэг байгууллагын шийдвэр байх учиртай. Өөрөөр хэлбэл, өнөөгийн СЕХ-ны дарга солигдсон ч 2006 онд УИХ-ын шийдвэрээр байгуулагдсан бүтцээрээ байгаа” гэж хариуллаа.





















































