Одоогоос дөрвөн жилийн өмнө сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэд МАХН-ын байрны өмнө жагсаал хийж, улмаар жагсаал нь үймээн болж таван хүний амь “тэнэсэн” суманд оногдож, 200 гаруй хүн “Ганцхудаг”-ийн урьдчилан хорих төвд саатуулагдсан билээ. Уг хэргийг дөрвөн жил шалгасны эцэст ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, НЦГ-ын дарга асан, хурандаа Д.Зоригт, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн хэв журмын хэлтсийн дарга, хурандаа Г.Ганбаатар нарыг буруутган шүүхээр болсон. Тэдэнд холбогдох шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн танхимд 9.30 цагаас эхэлнэ. Мөн гэрчээр тухайн үеийн төрийн тэргүүнээр ажиллаж байсан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Хуульзүй дотоод хэргийн яамны сайд асан Ц.Мөнх-Оргил, ҮАБЗ-ийн гишүүн асан Д.Лүндээжанцан нар оролцоно гэдгээ мэдэгдсэн. Уг хэрэгт УИХ-ын Х.Тэмүүжин “Цагдаа нар хүн буудсан. Нотлох баримт нь надад байгаа” хэмээн сум хонгио үзүүлж байсан. Гэвч үймээний үеэр галт зэвсэг хэрэглэн хүний аминд хүрсэн гэх Эргүүл хамгаалалтын газрын албан хаагчид болох Ядамын Хорлоор ембүчи, Дашцэрэнгийн Төмөрбаатар, Үрчгэрийн Даржаа, Юрайгийн Гантулга, Алтанхуягийн Ууганбаяр, Батбаярын Батцэрэн, Нямжавын Ариунболд нарыг яллагдагчаар татаж, Эрүүгийн хуулийн 91.1-д зааснаар шалгаж байсан юм. Мөрдөн байцаалтын явцад зүйл ангийг нь өөрчилж, албан тушаалдаа хайнга хандсан гэх үндэслэлээр яллан, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан. Харин хохирогчид гомдол гаргаснаар тэдэнд холбогдох хэргийг тусгаарлаж түдгэлзүүлчихээд байгаа. Мөн Эргүүл хамгаалалтын газрын чиглэлийн ахлах байцаагчаар ажиллаж байсан дэслэгч Л.Ганболд, Эргүүл хамгаалалтын газрын их эмч Г.Тунгалаг, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан Л.Мягмаржав, тус газрын эргүүл хариуцсан байцаагч хошууч Л.Мөнхбат, тусгай үүрэг гүйцэтгэгч Б.Мандах нарт холбогдох хэргийг ч түдгэлзүүлчихээд байгаа юм.
Харин уг хэргийн талаар өнгөрсөн даваа гаригт тухайн үед Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр мэдээлэл хийсэн. Уг мэдээллийн үеэр түүнээс “Долдугаар сарын 1-ний үймээний үеэр гарсан хэргийн хариуцлагыг хэн үүрэх вэ” гэх асуултад “Эцсийн бүлэгт цагдаа нар хариуцах учиртай. Тухайн үед галт зэвсэг хэрэглэж, иргэдийг буудах тушаалыг хэн ч өгөөгүй. Шүүх хурлын явц ил тод байх ёстой. Бид тухайн хэрэг юунаас үүдэж гарсныг шалгах хэрэгтэй” гэж мэдэгдэж байгаа ч, эцсийн бүлэгт цагдаа нар буруутай гэдгийг хэлсэн юм. Харин үүний хариуд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Цагдааг яллах гэсэн нэг ч хүн байхгүй. Яллуулах ч үгүй. Тийм асуудал байхгүй. Хууль зөрчсөн л бол, хариуцлага алдсан л бол албан тушаалтнууд хариуцлагаа хүлээнэ. Хамгийн гол нь хүний амь эрсэдсэн учраас тэр амь эрсэдсэн асуудал хуулиар нэхэл хатуутай байдаг. Тиймээс албан тушаалын хариуцлага л яригдаж байгаа шүү” хэмээн мэдэгджээ. Тэгэхээр өнөөдрийн шүүх хурлаар хэн гэдэг эрх мэдэлтэн буудах тушаал өгсөн, үймээнийг хэн санхүүжүүлсэн гээд олны анхаарал татсан асуудлын зангилаа тайлагдах ёстой. Хамгийн гол нь хэн буудах тушаал өгч, хэн буудав гэдэг асуудлыг илрүүлэх ёстой болоод байгаа юм.
Б.Чимэг





















































