Айсуй сонгуулийн сунгаа эхэлчихсэн, сонгогчид намуудын аль нь илүү бол гээд жишиж буй энэ үед “Максима” төвөөс 2012 оны УИХ-ын сонгуулийг тандсан багц судалгаа явуулжээ. Уг судалгаагаар эрх баригч МАН, АН болон МАХН аль ч санал асуулга дээр өндөр рейтингтэй байгаа нь тэднийг ирэх сонгуулийн гол тоглогчид гэдгийг харуулж байна. Тухайлбал, “Хэрэв өнөөдөр УИХ-ын сонгууль болвол та аль намыг сонгох вэ?” гэсэн асуултад МАХН хамгийн өндөр буюу 23.5 хувийн санал авсан бол АН 24.4, МАН 24.6, ИЗН 4.7, БНН 3.9, МҮАН 1.4, Ногоон нам 1.3 хувьтай гарчээ. Харин оноогоороо тэргүүлж буй гурван намаас хэрхэн сонголт хийх талаар судалгаанд оролцогчидоос асуухад МАН 24.6, АН 24.4, МАХН 23.5 хувийн санал авсан байна. Сонирхолтой нь үлдсэн 10 хувь нь ямар ч нөхцөлд эрх барьж буй намуудад саналаа өгөхгүй гэж хариулсан нь МАН, АН-ыг нэг талд, МАХН-ыг нөгөө талд нь хувааж үзэж байгааг гэрчилнэ. АН хамтарсан Засгийн газраас гараад удаагүй, сөрөг хүчнийхээ байр суурийг хараахан эзэлж амжаагүй байгаа. Тиймээс ч сөрөг хүчин гэсэн имиж Н.Энхбаяр, МАХН-д очиж байна. Эрх баригч намууд, Засгийн газрын үйл ажиллагааг ямагт шүүмжилж байдгаараа тэрбээр илүү оноо авч байгаа бололтой. АН-ын хувьд рейтинг нь өмнөх жилүүдийг бодвол харьцангуй сул байгаа нь сөрөг хүчин гэсэн утгаа алдаж, хууль батлахдаа намын эрх ашгийн төлөө наймаа хийх болсон нь сонгогчдын дургүйцлийг түрүүлсэн байх магадлалтай. АН, МАН өнгөөс бусдаараа ялгагдахгүй болсон гэж засгаас гарахдаа, гарсан хойноо ч шүүмжлүүлэх болсон. Харин энэ завсар МАХН гурав дахь хүчин болж нэр хүндээ багагүй өсгөөд авсан байна. Тэр дундаа Н.Энхбаяр аль хэдийн “тэмцэгч” төрхтэй болжээ.
Бас нэгэн сонирхолтой асуултад сонгогчид тун сонирхолтой хариулсан байна. Өмнө нь шилдэг улс төрчдийн санал асуулгыг МАН, АН гэсэн хоёр намын удирдлагууд тэргүүлдэг байсан бол энэ удаа МАХН, гурав дахь хүчний нэр багтжээ. Та дараах улс төрчдөд итгэдэг үү? гэсэн асуултад,
1.С.Батболд 45,9
2.Н.Энхбаяр 39.9
3.С.Оюун 38.9
4.С.Баяр 32,5 хувийн санал өгсөн байна. С.Батболдын рейтинг ийм дээгүүр байгаад гайхах зүйлгүй юм. Учир нь аль ч үед бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа ерөнхий сайдын нэр хүнд өндөр байдаг. Харин энэ жагсаалтанд АН-ын нэг ч лидер байхгүй, түүний орыг Н.Энхбаяр эзэлсэн нь тун сонирхолтой үр дүн юм. Сонгуулийн тухай хууль, 2008 оны 7-р сарын нэгний шүүх хурал зэрэгт эсрэг байр суурьтай эсвэл бусдаасаа нээлттэй хандаж байгаа нь сонгогчдыг татах хүчин зүйл болсон байх магадлалтай. Тиймээс ч зарим МАН-ын гишүүд МАХН руу элсэх гэж байгаа тухай мэдээлэл тарах болсон. Нэр дэвших тойрог олдохгүй байгаа МАН-ын “гологдсон” гишүүдэд МАХН-д элсэх нь УИХ-д суух сайхан боломж гэж харагдаж байгаа аж. Үүний хажуугаар МАН, МАХН салаагүй байсан бол... гэсэн харамсангуй өнгө аяс ч харагдаж байгаа. Ямартаа ч ирэх сонгуульд МАХН гурав дахь хүчин болж оролцохыг хэн ч үгүйсгэж чадахгүй байна.





















































