Энэ сарын хүний
хөгжил сангийн 21 мянган төгрөг олгогдохгүй долоо хоног өнгөрөөд байна. Хүний
хөгжил сангийн мөнгө бол зарим хүний хувьд сар бүр авдаг цалинтай нь адилхан
тэтгэмж. Өөрөөр хэлбэл энэ мөнгөөрөө амьдардаг иргэн олон байдгийг хэд хэдэн
судалгааны дүн нотолсон байдаг юм билээ. Сангийн яамны Хүний хөгжил сангийн
ажлын албаны дарга О.Хуягцогтын яриагаар бол ирэх даваа гаригаас 21 мянган
төгрөгийг иргэдэд олгож эхлэх гэнэ. Ирэх сараас ийм алдаа гаргахгүй гэдгийг ч
тэр мөн амлажээ. “Эрдэнэс таван толгой” мөнгөгүй болсон учраас иргэд 21 мянган төгрөгөө авч чадахгүйд хүрээд байна гэх яриа байгаа. Мөн зарим эх сурвалжийн мэдээлснээр бол, Хүний хөгжил сангийн данс улайчихсан, хөрөнгө олох гэж сангийн яамнаас багагүй ажлууд хийж буй аж. Энэ долоо хоногтоо багтаж Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг тусгайлан авч хэлэлцэхээр болсон байна. Хүний хөгжил сангийн данс ерөнхийдөө улайчихсан гэсэн яриа оргүй биш гэдийг зарим хүн батлав. Яагаад гэвэл ээлжит бус чуулганы үеэр МАН-ын бүлгээс засгийн газарт Хүний хөгжил сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх арга хэмжээ авахыг үүрэг болгосон байдаг. Сардаа 21 мянган төгрөг тараахад 58 тэрбум төгрөг зарцуулдаг. Хүний хөгжил сан ердөө 11-хэн тэрбум төгрөгтэй байгаа гэсэн мэдээлэл ч тухайн үед гарч байв. Тухайн үед сангийн дэд сайд Д.Хаянхярваагийн “Зургадугаар сар хүртэл 21 мянган төгрөгийг сар бүр саадгүй хүргэнэ” гэсэн мэдээлэл ч баталгаагүй болох нь өнөөдрийн үйл явцаар нотлогдож байгаа юм. Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулиар бол санд 800 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстой. Үүнээс бэлнээр мөнгө тараахад 700 орчим тэрбум, оюутны сургалтын төлбөр 83.6 тэрбум, эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 10.9 тэрбум төгрөг зарцуулахаар хуульчилсан байгаа. Гэтэл мөнгөнийхөө бараг тэн хагасыг Тавантолгойн урьдчилгаанаас төвлөрүүлэхээр УИХ төсвийн хуулиа баталчихсан. Тавантолгойн хөрөнгө оруулагчийн хэлэлцээ тодорхой шийдэлгүй байгаа болохоор өндөр, настан, ахмадуудад өгөх нэг сая төгрөг “үлгэр” болж мэдэхээр байгаа аж. 21 мянган төгрөгийг ч гэсэн олгох хөрөнгийн эх үүсвэр дутаж буйн жишээ ч энэ. Тиймээс засгийн газар ойрын үед хуралдаж хүний хөгжил сангийн улайсан дансыг сэргээх талаар ярилцахаар болжээ.





















































