Өнөөдөр янз бүрийн тэмдэглэлт баяр, ой давхцсан өдөр тохиож байна.
Монгол хүн сансарт ниссэний 31 жилийн ой өнөөдөр тохиож байна
Монгол хүн сансарт нисч, Монгол Улс олон улсны интеркосмос хөтөлбөрт оролцон сансар судлалд хувь нэмрээ оруулж эхэлсний 31 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн гэдэг.Тэд сансарт нийт найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан аж. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг.
Өнөөдөр усны өдөр
Жил бүрийн 3 сарын 22-ны өдрийг дэлхий нийтээр “Усны өдөр” болгон тэмдэглэж ирсэн.
Дэлхийн хүн амын өсөлт болон улс орнуудын хотжилт, хөдөө аж ахуйн үсрэнгүй хөгжлийг даган цэвэр усны хэрэглээ мэдэгдэхүйцээр өсөж байгаа. Энэ өсөж буй хэрэгцээг хангахаар хаа сайгүй усан хангамжийн системүүд бий болж байгаа хэдий ч өнөөдөр дэлхийн хүн амын 40% нь усны хомсдолтой нөхцөлд амьдарч байгаа бөгөөд цаашлаад 2025 он гэхэд 2/3 нь ийм байдалд орно гэсэн тооцоо байдаг.Үнэндээ ус гэдэг амьдралын үндэс, бид усгүйгээр амьдрах аргагүй. Иймд дэлхийн буурай хөгжилтэй орны иргэд цэвэр усны хомсдлоос болж бохирдсон ус хэрэглэж жил бүр сая саяараа халдварт өвчинд нэрвэгдэн үхэж байна. Гэхдээ бид үүний эсрэг тэмцэж чадна. Ингээд энэ жилийн усны өдрийг дэлхий нийтээр “Усны хомсдолтолтой тэмцэцгээе!” уриан дор тэмдэглэж байна.
Өнөөдөр Казак түмэн Наурызын баяраа тэмдэглэж байна
Өнөөдөр Наурызын баярын өдөр. Наурыз нь маш эртнээс уламжлагдаж ирсэн баяр билээ. “Наурыз” гэдэг үг анх персийн сурвалж бичигт манай эриний хоёрдугаар зуунд бичигджээ. Харин энэ баярыг тэмдэглэдэг явдал дэлхийн олон орны ахуй, зан заншилд манай цаг тооллын өмнөх, барагцаалбал 648-330 оны үеэс орж иржээ. Наурыз дорнодын ард түмэн ислам шашныг шүтэж эхлэхээс олон жилийн өмнө үүссэн учраас энэ баяр нь шашны зан үйл болон түүний урсгалуудаас ангид явж иржээ. Наурыз бол шинэ жилийн эх нь бөгөөд хаврын өдөр, шөнө тэнцсэн өдөртэй давхацдагаараа онцлогтой.Наурыз бол хаврын “төрсөн өдөр” гэсэн үг. Казахын ард түмэн Наурыз тохиож буй энэ өдрийг “Улыстын Улы Күны” гэж нэрлэдэг. Энэ нь нийтээрээ хүндэтгэх тэнгэрийн ивээлт өдөр буюу “Зон олны алдарт өдөр” гэсэн утгыг илэрхийлдэг. Энэ өдөр манай цаг тооллоор гуравдугаар сарын 21-22-нд шилжих шөнийн гурван цагийн үеэс эхэлнэ. Учир нь нар дэлхийн бөмбөрцгийн дорно зүгээс өглөө зургаан цагт мандах үе нь дундад Азийн улс орнуудын хуввьд шөнийн гурван цагтай давхацдаг. Иймээс эдгээр ард түмэн Наурызыг гуравдугаар сарын 21-22-нд шилжих шөнийн гурван цагийн үед угтаж ирсэн уламжлалтай.
Өдөр, шөнө тэнцдэг 03 дугаар сарын 22-ны өдөр Наурызын баяраа тэмдэглэх гэж байгаа казах түмэнд Ерөнхий сайд нутгийн зөвлөлийн гишүүдээр нь дамжуулан Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Энэ өдөр өдөр, шөнө тэнцдэг
Өнөөдөр З дугаар сарын 22 буюу хаврын өдөр шөнийн тэнцэл юм. Өөрөөр хэлбэл өнөөдөр нарны шууд тусгал Экватор дээр байгаа тул дэлхийн бүх газарт өдөр шөнө тэнцдэг байна. Энэ өдөр лалын шашинтнууд үндэсний баяраа тэмдэглэдэг. Маргаашнаас урин дулаан өдрүүд ирнэ. Т.Хулан





















































