“Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтатган зохион байгуулах ёстой, тиймээс Үндсэн хуульд заасан заалтын дагуу Засгийн газар нь Орон нутгийн сонгуулийг ирэх зургадугаар сард зохион байгуулах бэлтгэлийг хангах шаардлагатай” хэмээн УИХ дахь Ардчилсан намын бүлэг нь Монгол Улсын Ерөнхий сайдад шаардлага хүргүүлээд байсан билээ. Харин үүнд Засгийн газраас албан ёсны хариу өгч буйгаа мэдэгдэж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Хуульд зааснаар тодруулбал, 1992 онд баталсан Үндсэн хуулиар аливаа нэг сонгууль явуулах тохиолдолд Засгийн газраас хараат бус байхаар хуульчилсан байдаг гэнэ. Энэ нь УИХ, Ерөнхийлөгч , орон нутгийн сонгуулийг зохион байгуулахад Засгийн газар оролцож болохгүй гэсэн үг аж. Тиймээс ч эдгээр сонгуулийг зохион байгуулахад оролцдог байууллага нь хөндлөнгийнх байх ёстой гэж үзэн, Сонгуулийн ерөнхий хороог байгуулсан.
Тиймээс ийм хууль эрх зүйн орчин үйлчилж байхад Засгийн газар орон нутгийн сонгууль зохион байгуулахад оролцох нь хууль зөрчсөн явдал болох учраас боломжгүй.
Мөн 2007онд баталсан Орон нутгийн сонгуулийн тухай хуульд орон нутгийн сонгуулийг тухайн шатны хурлын байгууллага нь өөрөө зохион байгуулахаар хуульчилж өгсөн. Тиймээс энэхүү хуулиа мөрдөх ёстой гэж үзлээ хэмээн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга онцоллоо.
Д.Идэр





















































