Өнөөдөр МҮОНТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үймээн самууны үеэр амиа алдсан иргэдийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ. Тэд “Долдугаар сарын 1-ний үймээний үеэр тушаалsг “биелүүлсэн" цагдаа нарын буруутай үйл ажиллагаанаас болж дөрвөн хүний амь нас эрсэдсэн. Мөн 1000 шахам иргэдийг албадан баривчилж, урьдчилан хорих төвүүдэд эрүүдэн шүүсэн юм. Энэ бүх буруутай үйл ажиллагаанд тухайн үед цагдаагийн өндөр албан тушаал хашиж байсан дарга нар хариуцлага хүлээх ёстой гэж бид үзэж байна. Тэд Онц байдлын тухай хуулийг бүдүүлгээр зөрчсөн олон баримт, судалгаа байгааг дараах жишээ баримтаар доорх байдлаар тодруулж болно. Тухайлбал,
• Олон зуун иргэдийг баривчлахдаа мөнгө, гар утасийг хууль бусаар хурааж авсан
• Тэдний нүүр лүү нулимсан, бороохойдож бие мах бодийн гэмтэл учруулсан,
• “Онц байдал тогтоосон, бид та нарыг буудах эрхтэй” айлган сүрдүүлж байсан,
• Насанд хүрээгүй 13 настай хүүг хэрцгийгээр зодсоны улмаас нас барсан
• Жирэмсэн эмэгтэйчүүдийг зодсон, эмэгтэйчүүдийг зүй бусаар харааж доромжилсон,
• Дөрвөн хүнийг галт зэвсгээр ангуучлан амийг нь хороосон... зэрэг үйлдлүүд болно.
Эдгээр үйлдлүүд нь тухайн үед ажиллаж байсан цагдаагийн удирдах албан тушаалтнууд тухайн үед хууль ёсны үүргээ шаардлагатай түвшинд гүйцэтгэж чадаагүйтэй холбоотой.
Тиймээс тухайн үед хариуцлагатай албан тушаал хашиж байсан цагдаагийн удирдлага цагдаагийн бие бүрэлдүүн хуулиа сахиагүй, өргөсөн тангарагаа умартаж, хүний амийг хороож, хүний эрхийг зөрчсөн гэмт үйлдэл гаргуулсныхаа төлөө хариуцлага хүлээх ёстой. Цагдаагийн бие бүрэлдүүнийг мэргэжлийн төвшинд бэлдэж, ийм үймээн самууны үед хэрхэн ажиллаж өөрийгөө болон бусдын амь нас, бие махбодийг гэмтээхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах чадвар, эрдэмд сургаж байгаагүйнхээ төлөө ч хариуцлага хүлээх ёстой” гэв.
Мөн хохирогч Ц.Энхбаяр: Цагдаагийн экс дарга нар шүүх хурлыг ямар нэгэн аргаар удаа дараалан хойшлуулж байна. Тиймээс цагдаагийн экс удирдлагууд болон өмгөөлөгч нарт нь хандан хэлэхэд “Та бүхэн шүүх хурлыг яг хийх өдрөө л биднийг дууд. Хурал хийнэ хэмээн зар тараачихаад өвчин зовлон тоочин шүүх хурлыг хойшлуулж байгааг чинь харах хэцүү байна. Сахарын өвчин гэдэг бол хэнд ч байдаг өвчин. Зөвхөн цагдаагийн экс дарга нар өвдөөд үхэх гээд байгаа юм биш. Тиймээс яг хурал хийх өдрөө биднийг шүүхийн танхимд дуудахыг хүсч байна” гэлээ.
Б.Чимэг





















































