Дөрвөн хүний амь нас хөнөөсөн “Рецетив” гэмт хэрэгтэн Б.Эрдэнэбилэгт Баянзүрх дүүргийн шүүхээс цаазын ял, хамсаатан Ш.Гантулгад 16 жилийн ял оноосон билээ. Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, Нийслэлийн шүүхэд хандсан ч ялыг хэвээр баталсан. Тиймээс тэд Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандаад байсан юм. Тэдний гаргасан гомдлыг өнөөдөр дээд шүүхэд хэлэлцэж, ялыг хэвээр баталлаа. Тэднийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-нд Баянзүрх дүүргийн шүүхээс дөрвөн хүний амь хөнөөсөн хэмээн Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.6, 91.2.7, 91.2.10, 91.2.12, 91.2.15, 91.2.16, 126.2.1, 147.2, 181.2.1, 181.2.5, 216.1 гэсэн 12 зүйл ангиар буруутган ялласан юм.
Хэргийг эргэн сөхвөл, Б.Эрдэнэбилэг нь 2009 онд гурван найзын хамт архи уусан байна. Улмаар хоорондоо маргалдаж, зодолдсон учир Б.Эрдэнэбилэг найз залуусаа хүлж орхижээ. Гэтэл тэдний нэг нь болох М боомилогдож нас барсан аж. Тэрбээр найз нараа хүлж орхиод гэрт нь очиж, дүүг нь зодон танхайрч, ээжийг нь хүчирхийлсэн байна. Уг хэрэгт нь Баянгол дүүргийн шүүхээс түүнд 23 жилийн ял оноосон ч тэрбээр давж заалджээ. Түүнийг хүний амь насыг санаатайгаар, эсвэл санамсаргүйгээр хүний амь хөнөөсөн үү гэдгийг шат, шатны шүүхээр шийдэгдэлгүй явсаар дахин гурван хүний аминд хүрэх нөхцөл бүрдсэн аж. Учир нь уг хэргийн шүүх хурал өнгөрсөн оны наймдугаар сарын 26-нд болох байсан ч өмгөөлөгч ирээгүй шалтгаанаар хойшилсон юм. Харин тус өдөр Б.Эрдэнэбилэг нь Баянзүрх дүүрэгт оршин суух өөрийн найз охин Д-г аав ээжийнх нь хамт хөнөөсөн билээ.
Б.Чимэг





















































