Кыргызстан улсад Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анх удаа албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Өнөөдөр өндөрлөх энэ айлчлалын бүрэлдэхүүн тун өргөн бөгөөд 111 хүн багтсан байна. Айлчлалын албан ёсны бүрэлдэхүүнд Гадаад хэргийн сайд, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, Кыргызстан улсад суугаа Монгол улсын элчин сайд Х.Аюурзана, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Э.Мөнх-Очир, ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, ерөнхийлөгчийн эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлого, шашны асуудлын зөвлөх Р.Болд нар оржээ. Мөн ажлын хэсэгт Увс аймгийн Хяргас сумын засаг дарга Л.Баатар, Тамхи, архинаас шалтгаалсан эмгэг судлалын төвийн тэргүүн Ж.Цогтсугар, яруу найрагч Ц.Хулан, П.Бадарч, МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, зохиолч Б.Золбаяр, Д.Нямаа, Т.Галсан. Б.Цэнддоо болон зураач Ц.Энхжаргал, Д.Мөнх, Ц.Нарангэрэл нар орж байгаа юм.
Бизнесийн багийн бүрэлдэхүүнд Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Б.Эрдэнбилэг, “Улаанбаатар аудит” ХХК-ны ерөнхий захирал Б.Осоргарав, “Делта констракшн” ХХК-ний захирал Ц.Эрдэнэбат, “Магнай трейд” ХХК-ний захирал Р.Ганзориг нар орж, ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дагалдаж яваа юм. Харин урлагийнхнаас дээр дурдсан зохиолч, зураачдаас гадна төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, “Домог” хамтлагийн хоёр хөгжимчин, нэг уран нугараач, Улаанбаатар чуулгын нэг бүжигчин гэсэн сонирхолтой хүмүүс Кыргызстан улсад айлчилж байна.
Энэ өргөн бүрэлдэхүүнтэй айлчлалыг “МҮОНРТ”, “UBS”, “ Өдрийн сонин”, “Үндэсний шуудан”, “Ардын эрх”, “Монцамэ”, “Хөх толбо” зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид сурвалжилж байгаа юм.





















































