ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж телевизийн ярилцлагад орохдоо ам нь халснаас МУИС-ийг ТМС хэмээн нэрлэсэн нь олон хүнийг доромжилсон хэрэг болов. Учир нь тэрээр 1942 онд байгуулагдсан, энэ жил 70 насныхаа баярыг тэмдэглэх Монголын хамгийн том, ууган их сургуулийг ингэж нэрлэсэн нь олон хүний анхаарлыг татжээ. Ийм сэтгэгдэлүүд интернет сайтаар дүүрч байна. Уг нь тэрээр УИХ-ын гишүүн З.Энхболдыг л "хуулийн ТМС" төгссөн хэмээн телевизээр хэлсэн. УИХ-ын гишүүн З.Энхболд нь МУИС-ийн ХЗДС-ийн төгсөгчдийн нэг аж. Энэ тухайгаа З.Энхболд гишүүн “Өөрөө өөрийгөө намбар ван /number one/ хуульч гэж өргөмжилсөн хүний ярианаас МУИС-ийн Хууль зүйн сургууль ТМС байсныг мэдэв” хэмээн бичиж тайлбар хийхийг шаардаж эхэлсэн. Хэрэв тайлбар хийхгүй бол нэр төрд халдсан хэргээр шүүхэд өгнө хэмээн мэдэгдээд байгаа билээ. Сонирхолтой нь МУИС-ийн хэсэг залуу багш нар Ц.Нямдорж сайдыг сургуулийнхаа үе үеийн төгсөгчид, багш, ажилчдаас уучлал гуйхыг шаардахаар бэлтгэж байгаа мэдээлэл ирлээ. Тэд Ц.Нямдорж сайд МУИС-ийн бүх төгсөгчид, ажилчдыг “ТМС-ийнхэн” хэмээн доромжиллоо гэж дургүйцэж байгаа аж. Эдгээр залуу багш нарын санаачилга дээр МУИС-ийн төгсөгчдийн холбоо, эрдэмтдийн зөвлөл, Үйлдвэрчний эвлэл зэрэг байгууллагууд хүч нэмэх нь тодорхой болж байгаа сурагтай. Тэгвэл Х.Баттулга гэдэг гишүүнтэй “дайн” хийж буй Ц.Нямдорж МУИС-ийнхан хэмээх “арми”-тай тулалдах шинэ нөхцөл байдал үүслээ. Хэрэв энэхүү мэдээлэл үнэн бол Ц.Нямдорж сайд хүч тэнцвэргүй тулалдаанд орно. МУИС бол Улаабаатар хотод 12 сургууль, факультеттайгаас гадна Орхон, Завхан аймгуудад салбартай. Одоогийн байдлаар 13.000 орчим оюутан, 1.600 гаруй магистр, доктронтурт, 700 орчим эрдэмтэн багш, 500 орчим үйлчилгээний ажилтантай. Үүн дээр 70 жилийн хугацааны төгсөгчдийнх нь тоог, МУИС-аас салбарлаж гарсан ХААИС, ЭМШУИС, ХУИС-ийнхныг нэмбэл Монголын нийгмийн нэг том хэсэг болно. Эдгээр хүмүүс өөрсдийгөө Монголын хамгийн том сургуулийн төгсөгч, ажилтан, эрдэмтэн мэргэд хэмээн бодож явахад ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “ТМС-ийнхэн” хэмээн цоллох нь мэдээж сайхан санагдахгүй байх. Тиймээс л МУИС-ийнхан хэмээх энэ том байгууллагын төлөөлөл Ц.Нямдорж сайдыг өөрсдөөсөө уучлал гуйхыг шаардаж эхлэх гэж байна. Түүнийг “үгүй” гэж гүрийвэл огцруулахаар жагсаал цуглаан хийх бодолтой байгаа, үүнд МУИС-ийн гэсэн харъяалалтай хүн бүхэн нэгдэхийг уриалах талаар ярилцаж байгаа гэж эх сурвалж хэллээ. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн ам хэтэрхий “халснаас” болж шинэ сорилттой тулгарах боллоо.
Д.Сайхнаа





















































