МАН-ын зүгээс Нийслэлийн ИТХ-ын сонгуулийг 6-р сард УИХ-ын сонгуультай
зэрэг явуулж болно гэж үзсэн байна. Харин аймаг, сум, дүүргийн
сонгуулийг намар явуулах боломжтой гэлээ.

Энэ долоо хоног бол УИХ-ын сонгууль явуулах өдрийг товлох сүүлийн хугацаа юм. Тиймээс УИХ болон орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах эсэх асуудлыг яаралтай шийдэх шаардлагатай болж байгаа. МАН-ын бүлэг энэ талаар өчигдөр хуралдаж, АН-ын тавьсан саналыг хэлэлцжээ. Өмнө нь АН-ын гишүүд нийслэл болон аймгийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ынхтай хамт явуулах санал гаргаж байсан. Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөл болон бүлгийн гишүүд санал хурааж, зарим асуудалд буулт хийхээр болжээ. МАН-ын зүгээс нийслэлийн ИТХ-ын сонгуулийг 6-р сард УИХ-ын сонгуультай зэрэг явуулж болно гэж үзсэн байна. Харин аймаг, сум, дүүргийн сонгуулийг намар явуулах боломжтой гэлээ. МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин “Сонгуулийн тов зарлах хугацаа дөхсөн, тун шахуу байна. Гацаанаас гарахын тулд хоёр тал харилцан буулт хийхгүй бол болохгүй. Тиймээс АН-д дээрх саналыг бичгээр өгсөн байгаа” гэв. Хэрэв зөвхөн нийслэлийн ИТХ-ыг УИХ-тай хамт явуулна гэсэн саналыг АН зөвшөөрвөл маргааш байнгын хороогоор хэлэлцэж, чуулганд оруулах юм байна.
Өмнө нь орон нутгийн сонгуулийг 6-р сард явуулах нь нутгийн өөрөө удирдах ёсыг зөрчиж байна гэж МАН мэдэгдэж байсан. Тодруулбал, засаг дарга, ИТХ-д сонгогдсон хүмүүсийн бүрэн эрхийн хугацаа намар дуусна. Тиймээс орон нутгийн сонгуулийг 6-р сард болгон наашлуулах нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж байсан. Энэ тухайд МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин “Одоогоор нутгийн өөрөө удирдах ёсыг зөрчсөн гэсэн дүгнэлт Үндсэн хуулийн цэц гаргаагүй байна. Хэрэв энэ маргаан цааш үргэлжилбэл цаг алдах учраас урагшаа явах хэрэгтэй” гэсэн юм.
Тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг өчигдөр хэлэлцээгүй. Нэг сайдын асуудлаас илүү сонгуулиа будлиангүй, эмх цэгцтэй явуулах нь чухал учраас хойшлуулсан гэж тайлбарлалаа.