Сагсан бөмбөгийн хамгийн хүчирхэг лиг NBA-ын өнгөрсөн улирлын үнэ цэнэтэй тоглогчийн шагналт Деррик Рөүз зүүн өвдгөндөө гэмтэл авснаар, “Плей Офф”-ын үлдсэн тоглолтуудад оролцох боломжгүй боллоо.

Рөүз “Филадельфиа 76” багтай хийсэн цувралын эхний тоглолтын үеэр гэмтэл авсан. Тэрбээр довтолгоо хийх үедээ зүүн өвдөгнийхөө шөрмөсийг тасалсан бөгөөд талбайгаас Чикаго болон Филадельфиа багийн дасгалжуулагчдын тусламжтайгаар гарч явсан юм. Улмаар Чикагогийн эмч нар түүнийг бэртлийн улмаас “Плей Офф”-т дахин тоглох боломжгүй гэж дүгнэв.
Ингэснээр улирлыг амжилтаар тэргүүлэгч Буллсын хувьд аваргын цом өргөнө гэдэг тун хэцүү зүйл болж хувирлаа. Рөүзын гэмтэл бусад багуудад том боломж гэж хэлж болно. Яг одоо Буллстэй өрсөлдөж байгаа “Филадельфиа 76” баг ч дараагийн шатанд шалгарч магадгүй. Мөн хоёрдугаар шатанд “Атланта Хокс”, “Бостон Селтикс” нарын хожсон нь тэдэнтэй таарна. Гэхдээ доогуур байраар гарч ирсэн Хокс, Селтикс багуудад ч бүсийн шигшээд шалгарах боломж илүү өндөр хувьтай боллоо гэсэн үг юм. Гэвч Рөүз эзгүй болсноор Дорнод бүст “Майами Хит”-тэй тэнцүү өрсөлдөөн үзүүлэх чадамжтай баг бараг үгүй болсон гээд хэлэхэд буруудахгүй. Гэхдээ Рөүзгүй 28 тоглолт хийсэн Бүллс тун сайн байсан. Гэхдээ одоо улирлын тоглолт биш “Плэй Офф” үргэлжилж байна.
Тэгэхээр “Плей Офф”-ын тэнцвэртэй өрсөлдөөн энэ жил Өрнөд бүст л өрнөх нь. Бас нэг тааруу мэдээ байгаа нь Рөүзыг эдгэрэх хугацаа нь түүнийг олимпийн наадамд АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтахгүй гэдгийг ч баталж байгаа юм.