
Тэдний шүүх хурал өмгөөлөгчидтэй холбоотой асуудлаас болж удаа дараа хойшилсон. Тиймээс Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ Монголын өмгөөлөгчдийн холбоонд "Хурандаа нарын хэрэгт өмгөөлөгч томилж өгнө үү" гэсэн хүсэлтийг энэ сарын 25-нд тавьжээ. Үүний дагуу Монголын өмгөөлөгчдийн холбооноос ажлын хэсэг гаргасан байна.
Энэхүү ажлын хэсэгт тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Энхзаяа, З.Сүхбаатар, Ж.Эрдэнэбаатар нар багтжээ. Тэд цагдаагийн экс дарга нартай очиж уулзаж, нэн даруй өмгөөлөгчөө сонгож, хэргийн материалтай танилцуулахыг зөвлөсөн аж. Ингэснээр шүүх хурал ч удахгүй болох юм.
Харин цагдаагийн экс дарга нар "Бидний хэрэг энгийн биш. Тэгээд ч хэдхэн хоногт хавтаст хэрэгтэй танилцсанаар асуудал цэгцрэхгүй. Тийм учраас бид нарийн мэргэшсэн өмгөөлөгч авмаар байна. Ер нь ээдрээтэй хэрэг учраас сайн өмгөөлөгч авах нь зөв. Жишээ нь буу сайн мэддэг, сумыг нь хараад ямар бууных болохыг нь тогтоож мэддэг, мэргэшсэн өмгөөлөгч авахыг хүсэлтэй байна. Бидний хэрэг дээр өмнө нь ажиллаж байсан өмгөөлөгчдийг цагдан хорьж дарамталсан болохоор энэ хэрэг дээр ямар өмгөөлөгч ажиллах вэ. Бүгд айж байгаа шүү дээ. Бид ч ялгаагүй. Гэхдээ бид удаан хоригдохыг хүсэхгүй байна. Тиймээс удахгүй өмгөөлөгчөө сонгоно" гэж хэлсэн байна.
Түүнээс гадна хурандаа О.Зоригтын биеийн байдал муудаж, сахарын хэмжээ ихэссэнээс болж хөл нь мэдээ алдсан. Тиймээс нарийн шинжилгээ өгөхөөр гуравдугаар эмнэлэгг эмчийн хяналтад оруулаад байгаа гэнэ. Генерал Ч.Амарболдын бие ч сайнгүй байгаа аж.