Н.Энхбаярыг баривчлан, хорьж байгаа нь зүй бус гэж үзэж байсан МАН-ын
таван гишүүн намаасаа гарах тухайгаа өнөөдөр мэдэгдэхээр болжээ. УИХ-ын
гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат, Д.Загджав, Ц.Даваасүрэн нар
МАН-аас гарах тухайгаа намын нөхөд, Удирдах зөвлөлийн гишүүддээ
зарлажээ.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг хоёр сар үргэлжлүүлэн хорих болсноор энэ намыг УИХ-ын сонгуульд удирдан, хошуучлах хүнгүй болоод байсан. Тэгвэл Н.Энхбаярыг баривчлан, хорьж байгаа нь зүй бус гэж үзэж байсан МАН-ын таван гишүүн намаасаа гарч, хүч нэмэх тухайгаа өнөөдөр мэдэгдэхээр болжээ. УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат, Д.Загджав, Ц.Даваасүрэн нар МАН-аас гарах тухайгаа намын нөхөд, Удирдах зөвлөлийн гишүүддээ зарлажээ. Эдгээр гишүүд МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлахад хариуцлагагүй хандсан гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулахыг шаардаж байгаа ч намын бусад гишүүд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Өнгөрсөн баасан гарагт шөнийн 04 цаг хуралдсан УИХ-ын чуулганаар Ц.Нямдорж сайдыг огцруулах тухай хэлэлцэх үеэр тэдний зөрчил улам хурцадсан бололтой.
Сонгууль дөхөж байхад намаасаа гарч байгаа эдгээр гишүүд өмнө нь яригдаж байсанчлан МАХН-д орохоор болсон байна. МАХН-ын дарга Н.Энхбаяр Төв аймгийн цагдан хорих төвөөс 6-р сарын 26-нд буюу сонгуулийн санал хураах өдрөөс хоёрхон хоногийн өмнө гарна. Тиймд сонгуульд МАХН-ын гишүүдийг удирдаж, зохион байгуулах хүн хэрэгтэй байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар УИХ-ын гишүүн Ч.Улаан энэ үүргийг өөртөө авч, МАХН-ыг сонгуульд удирдах албан тушаалд томилогдохоор болжээ. Ингэснээр намдаа гадуурхагдаж байсан МАН-ын гишүүд, намын лидер үгүйлэгдсэн МАХН аль алинд нь ашигтай хувилбар болж байна.
24tsag.mn