Зорчигч Тээврийн нэгтгэл ОНӨҮТ-ын жолооч байсан П.Намхайноров ажлаасаа хууль бусаар халагдсан хэмээн өчигдөр олон нийтэд хандлаа. Тэрээр үйлчилгээний орлогоос 2500 төгрөг дутаасан, үүнээсээ болж нэг cap цалингүй ажилласан. Мөн чөлөө авахын тулд дарга нараа хуурсан гэсэн үндэслэлээр халагдсан хэмээн мэдэгдэв. Энэ нь ажлаас халагдах үндэслэл биш хэмээн тэрээр үзэж буй аж.
Энэ талаар П.Намхайноров “Зорчигч тээврийн нэгтгэл байгуулагдсанаас хойш ажилтнуудын эрх маш их зөрчигдөх болсон. Шугам давхцуулж, жолооч нарыг хүчээр уралдуулдаг. Бид цалингаа авахын тулд нэгнээсээ түрүүлж зорчигч авахаар уралддаг. Зорчигчид унаж, гэмтэж бэртэх нь ч энүүхэнд. Осол ч их гаргадаг. Үүнээс болж олон сайхан залуус ял авч байна” гэв. Тэрээр “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн удирдлагуудын хууль бус ажиллагааг эсэргүүцэж өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдсэн юм.
Тэрбээр өнөө өлгөөнөөс эхлэн “Автобус III” компанийн үүдэнд өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн билээ. Мөн тэрээр өөрийгөө компанийн удирдлага Ц.Одонтунгалагийн эсрэг гомдол гаргаж байгаа 270 дахь ажилтан гэж онцолж байсан юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)