
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг дээшлүүлэх тухай хуулийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцлээ. Бүлгийн дарга Ж.Батжаргал хуралдааны шийдвэрийг танилцууллаа.
Тэрбээр: Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах асуудал удааширч буй шалтгааны талаар тодруулахад “Гацаанд ороогүй, яарах шаардлагагүй. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиас гадна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэд хэдэн төсөл байгаа. Эдгээрийг нэгтгэн хэлэлцүүлгийн түвшинд авч явна” хэмээн тайлбарлав.
Дээрх төслүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг дэмжсэний дараа нэгтгэн, хэлэлцүүлгийн шатанд авч явах юм байна. Эдгээр нь бүгд нэг хуульд өөрчлөлт оруулж, сайжруулах зорилготой бөгөөд ард түмний төлөөллийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулдаг чухал хууль учраас иргэд, олон нийтийн саналыг өргөнөөр тусгана гэдгийг онцоллоо.


















































