
Авлигатай тэмцэх газар-ын Мөрдөн шалгах хэлтсээс Гаалийн ерөнхий газар-ын харьяа Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарт холбогдох гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Гаалийн газрын нэр бүхий албан тушаалтнууд болон бүрдүүлэлт хийдэг аж ахуйн нэгжүүд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, мөн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгагдаж байна.
Тэднийг Эрүүгийн хуульд заасан эрх мэдэл, албан тушаалын үүргээ урвуулан ашигласан, нийтийн албан тушаалтан хахууль авах гэсэн хоёр зүйл ангиар шалгаж байгаа юм.
Тус хэрэгт холбогдуулан гаалийн газрын 40 гаруй албан тушаалтан, гаалийн бүрдүүлэлт хийдэг 10 гаруй аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг хамруулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Өнөөдрийн байдлаар гурван хүнийг хахууль өгөх, авах үйлдэлд холбогдуулан яллагдагчаар татаж, хоёр этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ аваад байна.


















































