Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 22 дугаар хуралдаан болж нийт есөн асуудал хэлэлцлээ.
Тухайлбал, “Даатгалын компанийн активыг ангилах, эрсдэлийн сан байгуулах журам"-г хэлэлцэн батлав.
Даатгалын тухай хууль, СЗХорооноос батласан "Ердийн даатгагчийн төлбөрийн чадварыг тооцох журам", "Ердийн даатгалын компанийн даатгалын нөөц сангаас хөрөнгө оруулалт хийхэд тавигдах шаардлага"-н дагуу даатгалын компаниуд нь өөрийн хөрөнгө болон нөөц санг зээл, авлага, үндсэн хөрөнгө, үнэт цаас, хувьцаа, хадгаламж хэлбэрээр байршуулах боломжтой байдаг.
Гэвч дээрх хэлбэрээр хийгдсэн хөрөнгө оруулалт, активуудын чанарыг тодорхойлох, үнэлэх эрхзүйн акт байхгүй байсан юм.
Иймд дээрх журам " батлагдсанаар даатгалын компаниудын хөрөнгө оруулалтыг үнэлж шаардлагатай тохиодлолд эрсдэлийн сан байгуулах боломжтой болж байна.
Мөн тус хуралдаанаар “Даатгагчийн нягтлан бодох бүртгэлийн заавар”-ыг шинэчлэн баталлаа.
Ингэснээр даатгалын компаниуд Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт /НББОУС/ болон Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт /СТОУС/-д нийцүүлэн нягтлан бодох бүртгэлээ хөтөлж, санхүүгийн тайланг бэлтгэн гаргах боломжтой болов. Даатгагчийн үйл ажиллагааг дэмжих, өргөжүүлэх чиглэлээр томоохон өөрчлөлтүүд тусгагдсан Даатгагчийн нягтлан бодох бүртгэлийн заавар нь 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлнэ гэж Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.