
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн сард УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Өнөөдөр тус хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ.
Энэхүү хуулийн төсөл нь Үндсэн хуулийн суурь зарчмыг хэрэгжүүлэх, ардчилсан парламентын засаглалыг хамгаалах, парламентад ард иргэдийн хяналтыг хэрэгжүүлэх, сахилга, хариуцлага, ёс зүйг сахиулах, шударга ёсыг тогтоох зорилготой хэмээн ЕТГ-аас мэдээлсэн юм.
Тэгвэл уг хуулийн төсөлд дараах үндэслэлүүдийг тусгажээ. Тухайлбал,
- Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжийг бүрдүүлэх,
- Өргөсөн тангаргаасаа няцаж, ноцтой зөрчил гаргасан гишүүнийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татах,
- Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн гишүүнийг эгүүлэн татах үндэслэл,
- Парламентад суудалтай улс төрийн нам, эвслийн хариуцлагыг өндөржүүлж, жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татах үндэслэлийг тусгажээ.
Мөн тус хуулийн төсөлд УИХ-ын гишүүний тангарагт "ёс зүйн хэм хэмжээг баримталж" гэдэг үг нэмэхээр хуулийн төсөлд тусгажээ.
УИХ-ын гишүүний тангараг: “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэсэн байдаг.






















































Сэтгэгдэл (1)