
Тиймээс тэднийг Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасны дагуу УИХ-ын Ёс зүйн хороонд шалгуулахаар хүргүүлжээ. Учир нь АТГ нь УИХ-ын гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгадаг байсан бол одоо УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгадаг болсон байна.
Мөн шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэгт хяналт тавьж, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга Б.Амгаланбаатар, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга Н.Амарзаяа, Төмөр зам дахь Цагдаагийн хэлтсийн дарга Ц.Энхсайхан, Замын цагдаагийн газрын Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтсийн дарга С.Мөнхтамга, Дорноговь аймгийн Прокурорын газрын сум дундын ахлах прокурор Ц.Дангаасүрэн, Дархан-Уул аймгийн прокурор Б.Дашням, Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга асан А.Эрдэнэбаяр, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга Б.Баттулга, мөн аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх тасгийн дарга Д.Ганзориг хөрөнгө орлогын мэдүүлгээ зөрчилтэй мэдүүлснийг илрүүлжээ.
Тэд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн өмчлөлд байгаа хөдлөх, үл хөдлөх хөрөнгө/орон сууц, автомашин, компани, хуулийн этгээдийн хувь, хувьцаа эзэмшил/, тодорхой орлого, зээл хөрөнгө орлогод орсон их хэмжээний өөрчлөлтийг мэдүүлээгүй байна. Тиймээс АТГ-аас Авлигын эсрэг хуулинд заасны дагуу хариуцлага тооцуулахаар шийдвэрлэж, арга хэмжээ авахуулахаар Улсын ерөнхий прокурор болон Цагдаагийн ерөнхий газрын даргад хүргүүлжээ.