
Тийм ч учраас залуус Ардын намын мөрийн хөтөлбөрийн нэг зүйл, заалтыг онцгой ихээр анхаарч эхэлсэн нь анзаарагдсан. Тэр заалт нь “Чаддаг юм бол амьдар. Чадахгүй бол чаддагтаа битгий гай бол” гэсэн Ардчилсан намын үзэл баримтлалаас огт өөр байгаад онцлог нь оршиж буй. Тодруулбал, залуу гэр бүлд боломж олгох шинэ байрны тухай мөрийн хөтөлбөр юм. Уг хөтөлбөрт “Айл өрх бүхэн ашиг орлоготой, ая тухтай, орон гэртэй болох бодлого баримтална. “Залуучууд-орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлж, нэг гэр бүлд 20-44 метр.квадрат талбай бүхий орон сууцны хороолол барина” гэж заасан. Зээлийн хүү нь мэдээж зургаан хувь. Түүнчлэн тус намын мөрийн хөтөлбөрийн “Гэр бүл, хүн амын хөгжил” гэх дэд хэсгийн үндсэн зарчим нь “Эх оронч, ирээдүйдээ итгэлтэй, боловсролтой, эрүүл чийрэг залуу үеийг төлөвшүүлж, улс орны хөгжилд оруулах хувь нэмрийг дээшлүүлнэ” хэмээх өгүүлбэрээр тодорхойлогдож байгаа. Цаашлаад “Төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогыг шинэчилж, залуучуудын асуудлыг гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүд, хүн амын хөгжлийн бодлоготой уялдуулах үндэсний тогтолцоог бүрдүүлнэ”, “Хүн амын дийлэнхийг бүрдүүлж буй залуучуудын дунд мэдээлэл солилцох телевизийн суваг, мэдээллийн нэгдсэн цахим хуудсыг бий болгоно”, “Хүүхэд, залуучуудын техник сэтгэлгээ, зохион бүтээх авъяас чадварыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ. “Техник, технологийн боловсролын төв” байгуулахыг бодлогоор дэмжинэ”, “Зөгийн үүр” хөтөлбөрийг өргөжүүлж, гадаадад ажиллаж, амьдарч байгаа боловсрол, мэргэжил эзэмшсэ залуучуудыг эх орондоо ажиллах сонирхлыг төрүүлэхүйц эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлнэ” гэх мэт олон заалт Ардын намын мөрийн хөтөлбөрт “залуусын” гэх тодотгол дор орсон байгаа.
Мөн энд нэг онцлох заалт бол “Сургууль төгсөгчид, цэргийн албанаас халагдагсад зэрэг залуучуудыг ажлын байраар хангах, байнгын орлоготой болох, хөдөлмөр эрхлэлтийн тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэсэн нь хөдөө нутгийн залуусын хувьд онцгой зорилго болж буй нь гарцаагүй. Учир нь жилийн жилд цэргийн албаа хаагаад ирсэн залуус ажлын байрны эрэлд хатаж, улмаар архидалт, ажилгүйдлийн эгнээг тэлэх нь бий. Иймд Ардын намаас тэднийг ажилтай, орлоготой болоход нь онцгой анхаарал хандуулна гэж онцолсон нь эргээд нийгмийн хамгийн эмзэг асуудлыг шийдвэрлэхэд тустай юм. Хамгийн энгийнээр бодоход эрүүл саруул ирээдүй, элэг бүтэн амар тайван гэр бүл, хариуцлагаа ухамсарласан аавын тухай сэдэв энд хөндөгдөх болохоор тэр.
Түүнчлэн “Залуучуудад зориулсан “Залуусын хөгжлийн төв”-ийг нийслэл, дүүрэг, аймаг, сум бүрт байгуулна гэсэн хөтөлбөр ч бас бий. Энэ бол Ардын намын залуусыг анхаарах үндсэн бодлогын чиглэл. Улс төрийн ууган хүчнийхээ хувьд тэд залуу үеийг бүхэлд нь төрийн бодлогын гадна бус дотор байх ёстой хэмээн үзэж байгаа нь энэ. Гол нь дээрх амлалт, мөрийн хөтөлбөр бодитоор хэрэгжих хамгийн гол үндэс нь Ардын нам энэ удаагийн УИХ-ын сонгуульд залуусаа сойсон явдал. Нийт нэр дэвшигчдийнх нь 43.4 хувь нь 35 хүртэлх насныхан. Энэ бол залуус нь залуусынхаа төлөө ажиллаж чадахын баталгаа. “Ардын нам төрд залуу үе, залуу сэтгэлгээ, залуу эрч хүч хэрэгтэй” хэмээн зорилгож чадсан шигээ төр “Залуусын төлөө ажиллаж чадна” гэдгийг ирэх дөрвөн жилийн хугацаанд батлахаар шийдсэн нь энэ. Тийм ч учраас Ардын намын нарийн бичгийн дарга, Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ “Оюутны ширээнээс, ажлын ширээнд очих хүртэлх завсрын 2-3 жил хамгийн чухал гэж залуучууд үзэж байна. Тиймээс тэгш гарааны боломжийг бүрдүүлэх бодлого хэрэгтэй байгаа юм. Иймд залуучууд бүгдээрээ нэгдээд тулгамдаж буй асуудлаа шийдэхийн төлөө хамтдаа явах нь чухал байна” хэмээн уриалсан нь бий. Тийм ч учраас Ардын намын залуусын талаар баримтлаж буй бодлого нь “Залуусаа сонгож, залуусаа дэмжинэ” гэсэн уриан дор төвлөрч буй нь гарцаагүй ажээ.