2012 төсвийн тухай хууль, УИХ-ын 2011 оны 53-р тогтоолоор нэг сая төгрөгийг ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгохоор болсон.

2012 төсвийн тухай хууль, УИХ-ын 2011 оны 53-р тогтоолоор нэг сая төгрөгийг ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгохоор болсон. Энэ дагуу Засгийн газар эдгээр иргэдэд сая төгрөгийг дөрөв, тав, зургаа дугаар сард гурван удаа тэнцүү хувааж өгөхөөр тогтоосон байгаа. Энэ сарын 23-наас эхэлж, Улаанбаатар хотын ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд эхний сарын 330 мянган төгрөгөө авсан. Харин хөдөө, орон нутаг дахь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд өнөөг хүртэл мөнгөө авч эхлээгүй байсан юм. Энэ нь орон нутгийн хувьд хараахан санхүүжилт хийгдээгүй байсантай холбоотой аж. Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар Сангийн сайд Д.Хаянхярваа хөдөө орон нутгийн иргэдэд олгох сая төгрөгийн санхүүжилт орж эхэлсэн хэмээн өгүүлсэн юм. Ингэснээр хөдөө орон нутгийн иргэд өнөөдрөөс эхлэн сая төгрөгийнхөө эхний 330 мянгыг авах боломжтой болж байна.