
М.Ханеке үүний өмнө 2001 онд “Төгөлдөр хуурын багш” бүтээлээрээ Grand Jury шагнал, 2005 онд “Cache” , 2009 онд “Цагаан тууз” киногоороо тус тус шилдэг найруулагчийн шагнал хүртсэн билээ.
“Amour” киноны гол дүрд 81 настай Жан Луи Трентиньян, 85 настай Эммануэль Рива нар тоглосон бөгөөд тус кинонд амьдралынхаа сүүлийн мөчийг хүртэл хамтдаа өнгөрөөж буй хоёр хосын тухай өгүүлэх юм.
Мөн Италийн найруулагч Маттео Гарронегийн “Реалити” кино гран-при хүртжээ. Сонирхолтой нь, уг киноны гол дүрийн жүжигчин хүн алсан хэргээр шоронд ял эдэлж буй хоригдол аж. “After darkness light” киногоор шилдэг найруулгын шагналыг Испанийн найруулагч Карлос Рейгадас хүртсэн бол, шүүгчдийн шагналыг Кен Лоучийн “The Angels’ Share” авлаа.
Шилдэг эрэгтэй жүжигчнээр “Jagten” киноны гол дүрийг бүтээсэн Данийн уран бүтээлч Томас Винтенберг тодорч, Румыний “Dupe dealuri” кинонд тоглосон Кристина Флутур, Козмина Стратан нар шилдэг эмэгтэй жүжигчнээр шалгарчээ. Түүнээс гадна кино шүүмжлэгчдийн FIPRESCI ассоциацийн шагналыг Оросыг төлөөлөн оролцсон Сергей Лозницын “В тумане” кино авсан байна.
Найруулагч Тим Ротоор ахлуулсан “Un Certain Regard” хөтөлбөрийн шүүгчид Мексикийн найруулагч Мишель Франкогийн “Despus de Lucia” бүтээлийг онцолж, шагналаа олгосон аж.
Өчигдөр орой “Sony Pictures”-ынхан Каннын кино наадамд шилдгээр шалгарсан “Amour” киноны албан ёсны трэйлэр болон постерыг нээлттэй болголоо. Мөн уг киног ирэх сарын 19-нд АНУ-ын үзэгчдэд хүргэх болсноо албан ёсоор зарлалаа.


