
"Байгаль хамгаалах талаар таны мэдлэг хэр вэ?” хэмээх олон нийтийн санаа бодлын судалгаанд нийт оролцогчдын 26,2 хувь нь сайн мэдлэгтэй байсан бол үлдсэн 73,8 хувь нь бага буюу огт мэддэггүй гэсэн хариултыг өгсөн байна. Мөн “Байгаль орчноо хамгаалахын тулд юу хийх хэрэгтэй вэ?” гэсэн судалгаанд оролцогчдын 48,4 хувь нь байгаль хамгаалах хэрэгцээ шаардлагын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй гэж үзжээ.
Дээрх судалгааны дүнг сонссон хэн ч сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй. Агаар, ус, хөрсний бохирдол, ан амьтан, ургамлын тоо толгой, цөлжилт, хүн амын хэт өсөлт гээд толгой өвтгөсөн олон асуудал байхад манай иргэдийн хувьд энэ талаар юу хийх вэ гэдэг цаг нь биш, энэ юу вэ гэдгийг ярих цаг үедээ явж байна гэдэг харамсалтай. Одоо бид А –гаас нь эхлэх буюу хүмүүсийн сэтгэл зүйд байгаль орчны “үндсийг тавих” нь зүй юм.
Экологийн “цагаан толгой”-г заахын тулд бага наснаас нь эхлэх чухал. Цэцэрлэг, сургуулийн программд оруулж, байгаль орчноо хайрлах сэтгэл төлөвшүүлэх нь зүй. Харин нэгэнт насанд хүрсэн, үзэл бодол нь бүрэлдсэн хүмүүст хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан зөв зүйтэй ойлголт өгч болно. Тэгвэл хэвлэлийнхэн энэ үүргээ хэрхэн биелүүлдэгийг дараах диаграммаас харж болно.

Асуудал хөндсөн, энгийн мэдээллийн, сургалт сурталчилгааны, танин мэдэхүйн гээд жигд төвшинд асуудлыг тал талаас нь тусгаж байна. Тэгсэн байхад яагаад иргэдийн экологийн боловсрол муу байсаар байна вэ?

Экологийн мэдээллийг ийнхүү сөрөг өнцгөөс нь тусгаж байгаагаас иргэд байгаль орчны мэдээллийг толгой өвтгөсөн эмзэг байдлаар хүлээж авдаг байна. Дандаа л байгаль сүйрлээ, аврахгүй бол болохгүй нь гээд яриад л байдаг учраас түүний хор нөлөө, хэрхэн даван туулах талаар сонирхдоггүй, гар бие оролцдоггүй, “анзаардаггүй”.
Хүмүүсийн анхаарал халамж ийм сул байхад хичнээн олон сайхан арга хэмжээ зохиогоод, ажил өрнүүлээд тийм ч үр дүнтэй биш. Үүний оронд олны сэтгэлзүйг байгаль хамгаалах эко элчийн “тохиргоон дээр тавь” –аад дараа нь эко өдөрлөг, арга хэмжээ зохиох нь үр дүнтэй бас өгөөжтэй юм.
М.Уянга