
Сонгуульд ялна гэдэгтээ бат итгэсэн хүмүүс байдгаа барж баахан хөөрлөө. Бас тэднийг дагаж далдагнадаг хүмүүсийн хөөрхөл хийрхэл ч их байв. Олон жил уяагдсан морь шиг сонгууль болгоноор улс төрждөг иргэдийн суртал ухуулга ч ядаргаатай байлаа.
Ялагдлаа эртнээс хүлээсэн нэр дэвшигчдийн бухимдал, үйлдэл ч сонгуулийн сурталчилгааны нэгэн өнгө чимэг болов. Тэдний үйлдэл, хорон санаа, бид биш бол өөр хэн ч биш байх ёстой гэсэн атаархал ч сонгууль бүрийн нэгэн илэрхийлэл болдог. Энэ илэрхийлэл ч иргэдийг залхаав.
Сонгуулийн сурталчилгааны толгой эргүүлсэн реклам алга болов. Эргэн санахад сэтгэлд үлдсэн нь цөөн. Ихэвчлэн л үндэсний баатар, ардын хүүгийн дүрд хувирсан байлаа. Дөрвөн жил ард түмний эрх ашгийн төлөө тэмцсэн нь хэд байв? Дөнгөж өчигдөрхөн ард түмний хүү, ардын баатарын дүрээр гарч байсан хүмүүс ирэх дөрвөн жилүүдэд амласан хэлсэндээ хүрэх болов уу? Ард түмэн тэднийг юу хэлж, ямар дүрээр гарч ирснийг нь эргэн санах болов уу? гээд олон асуулт хариултаа нэхнэ.
Манай улс ямар ч олон баатар хөвгүүдтэй юм бэ? Тэр нь зөвхөн сонгууль бүрээр л мэдрэгддэг нь харамсалтай. Сонгуулийн баатарууд сонгуулийн дараа зөвхөн хувиа хичээдэг нь, сонгуульд зарцуулсан мөнгөө буцааж олох гэж улайрдаг нь, сонгуулиас болж өр зээлд баригддаг нь, сонгуулийн дараа амлалтаа мартдаг нь, сонгуулийн маргааш ард түмнээ санадаггүй нь эмгэнэлтэй.
Хотын бүх ашигтай тайлбайг эзэлсэн гудамжны самбарууд буулаа. Хотын гудамж амрах шиг болов. Амар тайван санагдлаа. Хүн айлгаж, ичээсэн олон зурагуудыг эргэн санахаар инээд ч хүрэх шиг, уур ч хүрэх шиг. Харин самбарын баатарууд маань ичдэггүй л байх.
Сурталчилгааны цөөн хоногт хаалга үүд ээлжилж балбаад амар тайван байлгасангүй. Тиймээс зарим айлууд “Манайх сонголтоо хийсэн. Сонгуулийн сарталчилгааны материал авахгүй. Хаалга бүү тогш” гэсэн бичигийг үүдэндээ наахад хүргэв. Сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусч айлууд амарч байх шиг байна.
Ард иргэдийг амараалгүй цангинах цагаан хоолойны дуу алсарлаа. Өдөржин хаа сайгүй тэрийг сонгоорой, энийг дэмжээрэй, агуу улс төрч гэх мэт дуу хоолой чихэнд чийртэй байлаа. Цагаан хоолойтой жижиг тэргээс эхлээд портер, автобус гээд бүхий л төрлийн машин гудамж, орон сууц сүлжилдээд хэцүү байв. Харин одоо бол цагаан хоолой цангинахаа болиод чих амарах ч сайхан байна шүү.
Энэ жилийн сонгууль ихээхэн онцлогтой болох гэж байна. Сөрөг сурталчилгаа харьцангуй гайгүй байлаа. Учир нь хуулиар хэн нэгний нэр төрд халдвал торгохоос эхлээд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь сөрөг сурталчилгааг хязгаарлах үндэслэл болов. Гэхдээ л сүүлийн хэдэн өдөрүүд бие биеэ гүтгэх ажиллагаа эрчимжлээ. Тиймээс гүтгүүлсэн нэг нь цагдаа, шүүх, сонгуулийн ерөнхий хороонд хандаад авав. Үнэн худлаа нь тогтоогдоно. Сонгуулиар хэн нэгний бууны нохой болж бусдыг гүтгэсэн хүмүүс эрүүгийн хариуцлага хүлээнэ.
Сурталчилгаанд “нүдүүлсэн” ард түмэн нэг өдөр амраад маргааш сонголтоо хийнэ. Ирэх дөрвөн жил төрөө удирдах улс төрийн хүчнийг сонгоно. Ард түмнийг залхаасан сонгуулийн сурталчилгаа зогслоо. Ямар сайхан байна вэ?
24tsag.mn