Иракт ойрын хугацаанд 180 сая гаруй долларын хүмүүнлэгийн нэмэлт тусламж үзүүлнэ гэж тус улсад албан ёсны айлчлал хийсэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч Энтони Блинкен мэдэгдэв. Түүний хэлснээс үзвэл 2014 оноос хойш АНУ-аас иракчуудад ийнхүү бараг 1.1 тэрбум долларын тусламж үзүүлж байна. Мосул хотыг “Исламын улс” бүлэглэлээс чөлөөлөх цэргийн ажиллагаа явуулахаар төлөвлөсөн тул иракчуудад нэмж тусламж үзүүлэхээр болжээ. Иракийн дүрвэгчдэд тусалж буй НҮБ, олон улсын болон төрийн бус бусад байгууллагын төлөөлөгчдөд энэ мөнгөнөөс олгох аж. Хотыг чөлөөлөх цэргийн ажиллагаанд бэлтгэж байгаагийн улмаас энгийн номхон иргэд олноороо амь үрэгдэж болзошгүйг НҮБ өнгөрсөн долдугаар сард сэрэмжлүүлж байсан билээ. Иракт нийт 3.3 сая гаруй дүрвэгч бий. Харин Анбар болон Мосулд явуулах ажиллагаа 2.5 сая хүнийг орон гэрээ орхиход хүргэж мэдэх аж. Мосул хотыг чөлөөлөх нь Иракийн арми курдийн дайчидтай хамтран улс орноо хяналтдаа авах ажиллагааны гол зорилго юм. 500 мянга гаруй хүн амтай эл хотыг “Исламын улс” бүлэглэлийн босогчид Ирак дахь нийслэлээ хэмээн үздэг аж.