Жийп, УАЗ-469 автомашины уралдаан болно

Монголын автомашин, мотоциклийн холбоо, Өвөрмонголын биеийн тамир, спортын хороо, Буриадын автомашин спортын холбоо хамтран зохион байгуулж буй "Цайны зам-2012" олон улсын авторалли маргааш эхэлнэ. Уралдаан энэ сарын 22-ны өдрийг дуустал үргэлжлэх юм. Оролцогчид Эрээн-Улаанбаатар-Байгал нуур гэсэн маршрутаар уралдах бөгөөд Монгол, Буриад, Өвөрмонголын 40 гаруй тамирчин жийп, УАЗ-469 автомашинтай оролцох аж. Тэмцээний эхний гараа Эрээн хотоос Сайншанд хүртэл 260 км үргэлжлэх бол хоёр дахь гараа нь Чойроос Улаанбаатар хүртэл 230 км, гурав дахь гараа нь Улаанбаатараас Дархан хүртэл 260 км, дөрөв дэх гараа нь Дарханаас Хиагт хүртэл 140 км, тав дахь гараа нь Хиагтаас Улаан-Үд хүртэл 300 км тус тус үргэлжилнэ. Сүүлчийн гараа нь Улаан-Үдээс Байгал нуур хүртэл 300 км үргэлжлэх юм. Уралдаанд манай улсаас ОУХМ Д.Болдбаатар, Х.Сүх-Очир, Г.Батзаяа, Ө.Бямбадэлгэр тэргүүтэй тамирчид хурд хүч сорих аж.
Д.Ундрах 24tsag.mn